Дархан-Уул аймагт хувийн хэвшлийн анхны эмнэлэг 1996 онд үүсгэн байгуулагдсан цагаас эхлэж, хүн амд үзүүлж байгаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд шинэ технологи, орчин үеийн оношлогоо, эмчилгээний тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх, стандартын дагуу тохижуулсан эмнэлгийн зориулалтын байртай болох зэргээр жилээс жилд өргөжин хөгжсөөр байна. Монгол улсын Эрүүл мэндийн тухай хуулинд тусгасан Эрүүл мэндийн газрын даргын эрх, үүргийн хүрээнд болон 2015 онд байгуулсан Төр,хувийн хэвшлийн түншлэлийн гэрээ, ЭМСЯ-ны сайдын 250,448 дугаар тушаалыг тус тус үндэслэж, хувийн хэвшлийн эмнэлгүүдийн орны ашиглалтын үнэлгээг ЭМГ-аас хийж, дүгнэлт, зөвлөмжийг танилцуулах уулзалтыг зохион байгуулав.
Уулзалтанд хувийн хэвшлийн ортой эмнэлгүүдийн захирал, ЭМГ-ын удирдлагууд оролцож, хувийн хэвшлийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний талаар баримтлах бодлогыг ЭМГ-ын дарга Б.Батцэнгэл, орны үнэлгээний дүгнэлт, зөвлөмжийг ХШҮМХ-ийн дарга С.Сүнчин, эмнэлгийн орны хуваарилалтыг ЭТҮХ-ийн дарга М.Мөнхбаатар танилцуулсан ба “Эмийн үл нийцэл”, “Эмнэлгийн орны ашиглалттай холбоотой статистик үзүүлэлт” сэдэвт мэдээллийг АШУҮС-ийн Дархан салбар сургуулийн эм зүйн багш Х.Оюунбаяр, ЭМГ-ын статистикч эмч П.Энхзул нар хийлээ.
Үнэлгээний дүгнэлтээр эмнэлгүүдийн хэвтүүлэн эмчилэх өрөөний нэг оронд ноогдох талбай 6.8-13.3 м.кв буюу стандартын хэмжээнд хангалттай байсан ба зарим эмнэлгүүд орон тооны эм баригчтай, Саран-элит эмнэлэг орчин үеийн стандартын шаардлага хангасан мэс заслын вакум өрөө, компьютер томограф, Доплер, Дижитал Рентген, Цээнэ эмнэлэг орчин үеийн тоног төхөөрөмж бүхий клиник биохими, серологи, иммуналогийн лаборатори, H-60 ЭХО, вирусын анализатор, ургийн монитор, Буянтай эмнэлэг Доплер, 4D ЭХО, Бид эмнэлэг лазер эмчилгээний аппарат зэрэг тоног төхөөрөмжөөр хангагдсан байна. Эмнэлэг бүр дотор, гадна орчны тохижилтыг хийж, өнгө үзэмж, байгууллагын соёлоор хангалттай үнэлгээ авчээ. Мөн Хувийн хэвшлийн эмнэлгүүд өөриймсөг, хариуцлагатай, хүлээлт чирэгдэлгүй, хүнд сурталгүй сэтгэлээрээ ханддаг, ялгаварлан гадуурхдаггүй хүнд хүрсэн үйлчилгээг үзүүлж, нийгмийн хариуцлагаа сайн биелүүлж байна. Үүнээс төрийн үйлчилгээ үзүүлдэг эмнэлгүүд үлгэр жишээ авах хэрэгтэй гэдгийг багийнхан онцоллоо.
Харин хүний нөөцийг тогтвор суурьшилтай ажиллуулах, эмнэлгийн орны ашиглалттай холбоотой статистик үзүүлэлтүүдийг зөв тооцох, өвчний түүхийн бичилтын стандартыг мөрдөх, яаралтай тусламжийн бэлэн байдлыг хангах зэрэг доголдсон асуудлыг засч ажиллах шаардлагатайг зөвлөмжид тусгажээ. Уулзалтанд оролцогчид цаашид аймгийн хэмжээнд хувийн хэвшлийн эмнэлгүүд одоогийн тусламжийн чиглэлээр нарийсч хөгжих үү, ямар төрлийн тусламжийг нэмэгдүүлэх талаар бодлого тодорхой байх шаардлагатай гэдгийг онцолж, санал солилцсон ба ийнхүү хувийн хэвшлийн эмнэлгүүдэд хийж байгаа анхны үнэлгээ амжилттай боллоо.