Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа АХБ-ны Суурин төлөөлөгч хатагтай Ёланда Фернандез Ломмэнийг өнөөдөр хүлээн авч уулзаж, эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй төслүүд болоод цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
Уулзалтын эхэнд сайд АХБ нь 19991 оноос хойш манай улсын нийгмийн салбар тэр дундаа эрүүл мэндийн салбарыг ихээхэн дэмжиж ирсэн гол хандивлагчдын нэг. Өнөөдөр нээлтээ хийх гэж байгаа Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төвийн “Шинэ барилга”-ыг ашиглалтанд оруулахад санхүүгийн ихээхэн дэмжлэгийг өгч, тус төвд орчин үеийн өндөр хурд бүхий тоног төхөөрөмжөөр ханган өгч байгаад баяртай байна. Манай салбарт өмнө нь хэрэгжсэн таван төслийн хүрээнд Монгол Улсад цусны аюулгүй байдлыг бэхжүүлэх, эрүүл мэндийн байгууллагуудын хог хаягдлын менежментийг сайжруулах, эрүүл ахуй халдварын сэргийлэлт хяналтыг сайжруулах зорилго бүхий үйл ажиллагаануудыг хэрэгжүүлсээр ирсэн.
Аймгуудын 26 цусны салбар төвүүдэд шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэхээр шалгарсан компаниудтай яам өнгөрсөн онд гэрээ байгуулсан байгаа. Тендер шалгаруулалтын явцад алдаа гаргаж хариуцлагагүй үйл ажиллагаа явуулснаас болж, Цус Сэлбэлт Судлалын Үндэсний төвд тоног төхөөрөмж нийлүүлэхэд зарцуулагдах 4,7 сая ам.долларын санхүүжилтийг буцаан татах шийдвэр АХБ-аас яамнад ирсэн. Тиймээс энэ асуудал дээр анхаарлаа хандуулж нааштай шийдвэрлэхийг хүсээд, зүй бус сонгон шалгаруулалт хийхэд оролцсон холбогдох хүмүүст хариуцлага тооцохоор мэдэгдэл өгсөн гэдгийг сайд онцлон хэллээ.
Хатагтай Ломмэн эрүүл мэндийн салбарт хамтран ажиллаж байгаа олон жилийн хамтын ажиллагаандаа талархалтай байгаагаа илэрхийлээд, энэ онд АХБ, Монгол Улсын Засгийн газрын түншлэлийн 25 жилийн ой тохиож байна. Тиймээс таны тавьсан асуудалд шийдэл олохын төлөө хамтран ажиллана. АХБ-ны худалдан авах ажиллагааны дүрэм журам бол маш чанга байдаг ч гарц олж монгол хүний амь насыг хамгаалахын төлөө ажиллах болно гэдгээ илэрхийллээ.