АСЕМ-ын дээд түвшний уулзалтын дагалдах хурлуудын нэг Ази-Европын Хүнсний аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалт 6 дугаар 20-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болж өндөрлөлөө.
Уг чуулганд АСЕМ-ын гишүүн 17 орны хүнс хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, Монгол дахь Элчин сайдын яамд, консулын газрууд, Европын холбоо болон бусад хүнс хөдөө аж ахуйн чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа 11 олон улсын байгууллагын төлөөлөгч оролцлоо.
Энэ удаагийн уулзалтаар оролцогчид Ази, Европын бүс нутгийн хүнсний хангамж, хүнсний бүтээгдэхүүний худалдаа, тээвэр, логистик, уур амьсгалын өөрчлөлт хүнсний аюулгүй байдал, хүнсний хангамж, хоол тэжээлийн байдалд үзүүлж буй нөлөө зэрэг асуудлаар санал солилцов.