ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга А.Эрдэнэтуяа өнөөдөр ОХУ-ын Бүгд Найрамдах Татарстан Улсын Эрүүл мэндийн сайд А.Ю.Вафин болон бусад төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Энэхүү уулзалтын үеэр хоёр улсын эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах боломж, Татарстан улсын Хавдар судлалын эмнэлэгт монгол эмч мэргэжилтнүүдийг сургалтанд хамруулах чиглэлээр ярилцлаа.
Татарстан улс нь 3,8 сая хүн амтай, дундаж наслалт 72,8 бөгөөд анхан шатны эрүүл мэндийн тусламж үзүүлдэг 80 нэгжтэй, том жижиг 1800 гаруй эрүүл мэндийн байгууллагуудтай, төрийн эрүүл мэндийн салбартаа 12 мянган хүн ажилладаг талаар уулзалтын эхэнд сайд А.Ю.Вафин онцоллоо.
Тэрээр тус улс нь зүрх судасны өвчлөлийг бууруулж, насбаралтыг багасгаж дундаж наслалтаа өсгөж чадсан аж. Тухайлбал өнгөрсөн жил л гэхэд 4200 гаруй хүнд зүрхний титэм судасны хагалгааг амжилттай хийсэн байна. Хэдийгээр зүрх судасны өвчлөлийг багасгаж чадсан ч хорт хавдраас шалтгаалах насбаралтыг бууруулж чадахгүй жилдээ 15-16 мянган хүнд хорт хавдрын шинэ тохиолдол бүртгэгдсээр байгаа аж.
Тэрээр уулзалтын төгсгөлд нэг зорилгын төлөө хамтран ажиллаж байгаад талархалаа илэрхийлээд, бүс нутгууддаа химийн болон туяаны эмчилгээг хөгжүүлэх зорилготой байгаагаа Төрийн нарийн бичгийн дарга А.Эрдэнэтуяад санал болгосон юм.