Нью-Йорк хотноо 2016 оны 6 дугаар сарын 8-10-ны өдрүүдэд ДОХ-ын асуудлаарх Өндөр түвшний уулзалт болж, дэлхийн олон орны төр, засгийн тэргүүн, сайд нар, албаны хүмүүс, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллага, ДОХ-ын халдвартай хүмүүсийн төлөөлөл оролцлоо. Өндөр түвшний хурлаас баталсан Улс төрийн шинэ тунхаглалд ирэх 5 жилд ДОХ/ХДХВ-тэй тэмцэх асуудлаар Түргэвчилсэн арга хэмжээ авах (Fast-Track approach) буюу 2020 он гэхэд ХДХВ-ийн шинэ халдварын тоог жилд 500 мянгаас бага, ДОХ-ын шалтгаант нас баралтын тоог жилд 500 мянгаас бага түвшинд барих, ХДХВ/ДОХ-той холбоотой ялгаварлан гадуурхалтыг таслан зогсоох, ХДХВ-ийн халдвартай 30 сая хүнд ретровирусийн эсрэг эмчилгээг хүргэх, хүүхдүүдийн дундах ХДХВ-ийн шинэ халдварын тоог 9 хувиар бууруулах зэрэг олон чухал зорилтыг дэвшүүлсэн байна.
Өндөр түвшний уулзалтын 6 дугаар сарын 10-ны өдрийн бүгд хуралдаан дээр Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ Монгол Улсын нийт хүн амын дунд ХДХВ-ийн халдварын тархалтыг бага түвшинд тогтоон барьж, эхээс хүүхдэд дамжих ХДХВ-ийн халдвар болон цус, цусан бүтээгдэхүүнээр дамжих ХДХВ-ийн халдварын тохиолдол гаргахгүй байх, ДОХ-ын эмчилгээний дотоодын санхүүжилтыг нэмэгдүүлэх, ДОХ–ын халдвартай иргэдийн зорчих эрхийн хязгаарлалт болон бусад шийтгэврийн заалтуудыг цуцлах зэргээр 2011 онд болсон ДОХ-ын асуудлаарх өмнөх өндөр түвшний хурлаар авсан амлалтаа манай улс амжилттай хэрэгжүүлж байгааг танилцуулав. Гэвч НҮБ-ын ДОХ-той тэмцэх нэгдсэн хөтөлбөрөөс дунд орлоготой улс орнуудын дээд ангилалд багтаж буй улс орнуудад ДОХ-той тэмцэх хариу арга хэмжээний 95 хувийг дотоодын эх үүсвэрээс санхүүжүүлэх шаардлага тавьж байгаа нь манай улсад хүндрэлтэй тусаж, эрсдэлт хүн амд чиглэсэн урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны хамралт сүүлийн 5 жилийн хугацаанд бараг хоёр дахин буурсныг дурдаж, дунд орлоготой улс орнуудын эрсдэлт бүлгийн хүн амд олон улсын дэмжлэг туслалцаа хэрэгтэй хэвээр байгааг тэмдэглэв.
Өндөр түвшний хурлын хүрээнд болсон “Тогтвортой хөгжлийн зорилт ба ДОХ”, “ДОХ-ын тархалтыг таслан зогсоох арга хэмжээний санхүүжилт”, “ДОХ-ын эмчилгээ”, “ДОХ-той хүмүүсийг ялгаварлан гадуурхах байдлыг таслан зогсоох нь” зэрэг салбар хуралдаанд ЭМСЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга С. Төгсдэлгэр, албаны дарга Б.Янжмаа, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн зохицуулагч А.Оюунбилэг нарын төлөөлөгчид идэвхтэй оролцож, үндэсний түвшинд хэрэгжиж буй үйл ажиллагааг танилцуулж, гишүүн орнуудын төлөөлөгчидтэй туршлага солилцов. Тухайлбал, цаашид ХДХВ/ДОХ-той холбоотой тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, ДОХ-той тэмцэх үйл ажиллагааг зохицуулах Үндэсний зөвлөл, түүний ажлын албыг сэргээн байгуулах, энэ оны 9 дүгээр сард хэрэгжиж эхлэх Эрүүгийн хуулинд хүнийг бэлгийн чиг хандлага болон хүйсийн байдлаар ялгаварлан гадуурхах явдлыг эрүүгийн гэмт хэрэгт тооцох болсон зэргээр ХДХВ-ын халдвартай хүмүүсийг нийгэмд ялгаварлан гадуурхах байдлыг арилгах зорилгоор эрхзүйн орчны шинэтгэл хийж байгаа талаар дэлгэрэнгүй танилцуулав.