Монгол Улсын Засгийн газрын гишүүн, ЭМС-ын сайд С.Ламбаа энэ сарын 09-12-ны өдрүүдэд Архангай, Завхан аймгуудын алслагдсан сумдад ажиллалаа.
Энэ үеэр 06 дугаар сарын 09 -10-ны өдрүүдэд Архангай аймагт зохион байгуулагдсан "Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг явуулын хэлбэрээр зохион байгуулах аргачлал, Эрүүл мэндийн анхан шатны түвшинд халдварт бус өвчний эрт илрүүлтэд ашиглагдах зөөврийн тоног төхөөрөмж ашиглалт" сэдэвт сургалтанд ЭМС-ын сайд С.Ламбаа, ДЭМБ-ын Монгол дахь Cуурин төлөөлөгч Доктор Су Нюунт-У оролцлоо.
Энэ үеэр Архангай, Баянхонгор, Дундговь, Сэлэнгэ, Булган таван аймгийн Эрүүл мэндийн төвийн дарга нар ,эмч, бага эмч,сувилагч нарт орчин үеийн дэвшилтэд зөөврийн утасгүй оношлогооны багаж тоног төхөөрөмжийг гардуулж өглөө. Дээрх багцад ухаалаг утас таблет дэмжиж ажилладаг утасгүй DigiO2 Зүрхны цахилгаан бичлэгийн аппарат, Электрод дамжуулагч цавуулаг Гидрогел, зөөврийн ЭХО сканнер,Omron 10 загварын Цусны даралт хэмжигч, Samsung Galaxy A 9,7 Таблет, Зөөврийн зориулалтын цүнхийг гардуулж өглөө.
Эрүүл мэнд, Спортын Яам нь Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, "Пилл ин Нийд" Чех улсын ОУ-ын байгуулага болон Каритас ОУ-ын Байгууллагын дэмжлэгтэйгээр "Явуулын Эрүүл Мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах" төслийг 2016 онд 12 аймаг, 3 дүүрэг сумын, өрхийн эрүүл мэндийн төвд хэрэгжүүлж байна.
Энэхүү төслийг хэрэгжүүлснээр орон нутгийн эрүүл мэндийн салбарт ажиллагсдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг явуулын хэлбэрээр зохион байгуулах, Зөөврийн (wireless) холбогч утас шаардлагагүй эмнэлгийн тоног төхөөрөмжийг ашиглах үр дүнг үнэлэх, халдварт бус өвчний сэргийлэлт, хяналтын талаар мэдлэг болон улсын хэмжээнд алслагдсан хөдөө орон нутгийн иргэдийн эрүүл мэндийн оношилгооны цахим мэдээллийн санг бүрдүүлэх боломж бүрдэж буй юм.Энэ зөвөлгөөн дээр Эрүүл мэнд,Спортын сайд С.Ламбаа хэлсэн үгэндээ энэ техник хэрэгсэлийг туршиж үр дүнг тооцсоны үндсэн дээр бүх багуудын эмч нарыг энэ техник хэрэгслээр хангах арга хэмжээ авах болно гэдгийг мэдэгдлээ.