НҮБ-ын Ерөнхий ассамблейн ДОХ-ын асуудлаарх өндөр түвшний уулзалт 6 дугаар сарын 08-10-ны өдрүүдэд Нью-Йорк хотноо зохион байгуулагдаж байна. Өндөр түвшний уулзалтын нээлтэд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки Мун оролцож, ДОХ-ын тархалтыг зогсоох чиглэлээр өнгөрсөн таван жилийн хугацаанд хэрэгжүүлсэн арга хэмжээ, ололт амжилт, цаашдын зорилтуудын талаар тайлан тавилаа. Тэрээр дэлхий нийт ХДХВ-ийн халдвартай 15 сая хүнд ретровирүсийн эсрэг эмчилгээг хүртээмжтэй болгож, ХДХВ-ийн халдвар шинээр авсан хүүхдийн тоог хоёр дахин бууруулж, ДОХ-ын шалтгаант нас баралтыг тууштай бууруулсан амжилтуудыг өндрөөр үнэлэхийн зэрэгцээ Зүүн Европ, Төв Ази, Ойрхи Дорнод, Хойд Африкийн улс орнуудад ХДХВ-ийн шинэ халдварын тоо нэмэгдэж, ХДХВ-ийн халдвартай 22 сая хүн ретровирүсийн эмчилгээнд хамрагдаж чадахгүй байгааг онцолсон юм. Улмаар ДОХ-ын эсрэг хариу хэмжээний санхүүжилтийг нэмэгдүүлэх, хүүхдүүдийн дунд ХДХВ-ийн шинэ халдварыг таслан зогсоох, хүний эрхийг зөрчсөн хуулийн хязгаарлалтуудыг арилгах шаардлагатай байгааг цохон тэмдэглэлээ.
Уулзалтын эхний өдөр ХДХВ-ийн халдвартай тэмцэх арга хэмжээг эрчимжүүлж, 2030 он гэхэд ДОХ-ын эпидемийг таслан зогсоох тухай улс төрийн тунхаглалыг баталлаа. Энэхүү тунхаглалд 2020 он гэхэд ХДХВ-ийн шинэ халдварын тоог жилд 500,000-аас бага, ДОХ-ын шалтгаант нас баралтын тоог жилд 500,000-аас бага түвшинд барих, ХДХВ/ДОХ-той холбоотой ялгаварлан гадуурхалтыг таслан зогсоох, ХДХВ-ийн халдвартай 30 сая хүнд ретровирусийн эсрэг эмчилгээг хүргэх, хүүхдүүдийн дунд ХДХВ-ийн шинэ халдварын тоог 95%-иар бууруулах зэрэг 23 зорилтыг дэвшүүлсэн байна. Мөн тогтвортой хөгжлийн зорилт ба ДОХ, ДОХ-ын тархалтыг таслан зогсоох арга хэмжээний санхүүжилтийн асуудлаар хоёр салбар хуралдаан явагдаж хуралдаануудад Монгол Улсын төлөөлөгчид үг хэллээ. Монгол Улс нийт хүн амын дунд ХДХВ-ийн халдварын тархалтыг бага түвшинд тогтоон барьж, эхээс хүүхдэд дамжих ХДХВ-ийн халдвар болон цус, цусан бүтээгдэхүүнээр дамжих ХДХВ-ийн халдварын нэг ч тохиолдол гаргахгүй байх талаар таван жилийн өмнө авсан амлалтаа амжилттай хэрэгжүүлж байгаа боловч ХДХВ/ДОХ-той холбоотой тогтвортой хөгжлийн зорилтуудыг цаашид хэрэгжүүлэхэд салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, үүний тулд ДОХ-той тэмцэх үйл ажиллагааг зохицуулах Үндэсний зөвлөл, түүний ажлын албыг сэргээн байгуулах шаардлагатай байгааг төлөөлөгчид хэлсэн байна.
Тэрбээр НҮБ-ын ДОХ-той тэмцэх нэгдсэн хөтөлбөрөөс дунд орлоготой улс орнуудын дээд ангилалд багтаж буй улс орнуудад ДОХ-той тэмцэх хариу арга хэмжээнийхээ санхүүжилтийн 95 хувийг дотоодын эх үүсвэрээс дайчлах шаардлага тавьж байгаа нь манай улсын хувьд хэрэгжүүлэхэд бэрхшээлтэй байгаа тул эрсдэлт хүн амд чиглэсэн урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны хамралт сүүлийн 5 жилийн хугацаанд бараг 2 дахин буурсныг онцолж, дунд орлоготой улс орнуудын эрсдэлт бүлгийн хүн амд чиглэсэн олон улсын дэмжлэг туслалцааг бууруулахгүй байхыг уриаллаа.
Энэхүү уулзалтын үеэр 2011 онд баталсан ХДХВ/ДОХ-ын асуудлаарх улс төрийн тунхаглалын хэрэгжилтийг дүгнэж, цаашдын зорилтуудаа тодорхойлохоор дэлхийн улс орнуудын төрийн тэргүүнүүд, Засгийн газрын төлөөлөл, олон улсын болон төрийн бус байгууллагууд оролцож байгаа бол, Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч С.Сүхболд, ЭМСЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга С. Төгсдэлгэр, албаны дарга Б.Янжмаа, Байнгын төлөөлөгчийн газрын зөвлөх В. Өлзийбаяр, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төслийн зохицуулагч А. Оюунбилэг нар оролцож байна.