УНТЭ-ийн 90 жилийн ойн хүрээнд "Эрхтэн шилжүүлэн суулгах" олон улсын хурал болж байна. Монгол Улс нь Төв Азид элэг, бөөр, ясны чөмөг шилжүүлэх эмчилгээг нэвтрүүлсэн цорын ганц орон гэдгийг хурлын эхэнд онцоллоо. 1996 онд бөөр шилжүүлэн суулгах анхны мэс заслыг хийж, 2006 онд УНТЭ-ийн даргын тушаалаар 15 хүний бүрэлдэхүүнтэй бөөр шилжүүлэн суулгах үндэсний багийг зохион байгуулж, өнөөг хүртэл 100 гаруй хүнд бөөр шилжүүлэн суулгах эмчилгээг амжилттай хийж гүйцэтгэжээ.
Түүнчлэн 2010 онд ЭМ-ийн сайдын тушаалаар элэг шилжүүлэн суулгах үндэсний баг байгуулагдаж БНСУ-ын АСАН Анагаах ухааны төвтэй хамтран 16 том хүн, 2 хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийснээс гадна 2015 онд бие даан 2 хүнд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал хийсэн 46 дахь орноор дэлхийд бүртгэгдэж чадсан билээ.
Мөн 2010 оноос цус болон ясны чөмөг суулгах эмчилгээг хийхээр санаачилж 2013 онд анх удаа ясны чөмөг шилжүүлэн суулгаж, одоогийн байдлаар 2 тохиолдолд ясны чөмөг шилжүүлэн суулгаад байна. Анагаах ухааны орчин үеийн ололтын оргил нь эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ гэдэг.
90 жилийн түүхтэй УНТЭ энэхүү оргилд хүрч чадсаны баталгаа дээрх үзүүлэлтүүд юм. Цаашид энэ өндөр технологийг хөгжүүлэхэд өнөөдөр зохион байгуулж байгаа "Эрхтэн шилжүүлэн суулгах" олон улсын хурал ихээхэн ач холбогдолтой юм.