Эрхэм хүндэт Улсын Их Хурлын дарга, Улсын Их Хурлын гишүүд, энд хүрэлцэн ирсэн Эрүүл мэндийн байгууллагын удирдлага, эмч мэргэжилтнүүдийн төлөөлөл, хууль боловсруулахад хамтран ажилласан ажлын хэсгийн гишүүд та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая.
Эрүүл мэндийн салбарт 2011 онд “Эрүүл мэндийн тухай”хууль батлагдаж хэрэгжиж эхэлсэнээс хойш төрийн өмчит эмнэлгийн бие даасан байдлыг хангах, санхүүжилтийн арга, аргачлалыг тодорхой болгох, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэд үйлчлүүлэгчдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авах сонголтыг бий болгох зэрэг олон асуудал шийдвэрлэгдэж чадалгүй өнөөдрийг хүрсэн. Энэ нөхцлийг эрх зүйн хувьд чиглүүлж баталгаажуулж өгсөн энэ хууль “Эрүүл мэндийн тухай” хуульд тулгуурлан, эмнэлгийн тусламж үйлчилгээг ямар төрлөөр, аль түвшинд, хэрхэн хүнд амд хүргэх, тухайн тусламж үйлчилгээг үзүүлдэг байгууллагын төрөл хэлбэр, хоорондын уялдаа холбоо ямар байх болон эмнэлгийн стратегийн болон гүйцэтгэх удирдлага, эмчийн тусгай эрх, үүрэгтэй холбоотой харилцааг зохицуулсан анхны цоо шинэ хууль болж байгаагаараа онцлог юм.
“Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай” шинэ хууль хэрэгжиж эхэлснээр:
Нэгдүгээрт, Төрийн өмчийн эмнэлэгийн засаглал, менежмент шинэ тогтолцоонд шилжиж, эмнэлгийн удирдлагын баг өөрийн үйл ажиллагааг эрх зүйн хувьд эдийн засгийн хувьд бие даан авч явах боломж бүрдэж, төрийн болон орон нутгийн өмчит нэгдсэн эмнэлэг, төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн бодлого, зохицуулалтыг хуулийн дагуу байгуулсан төлөөлөн удирдах зөвлөл, түүнээс томилсон захирал түүний удирдлагын баг гүйцэтгэхээр болж байна. Үүнтэй холбогдуулан төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөл, захирлуудын эрх, үүрэг, тэднийг хэрхэн нэр дэвшүүлж сонгох,томилох асуудлыг тодорхой болгож “Эрүүл мэндийн тухай” хуульд нэмэлт өөрчлөлт орууллаа.
Хоёрдугаарт, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нэр төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, төрийн болон орон нутгийн өмчит эмнэлгийн тусламж, үйлчилгээний ачааллыг хуваалцах зорилгоор улсын төсвөөс санхүүжүүлэх зарим нэн шаардлагтай тусламж, үйлчилгээг хувийн хэвшлийн төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлэг, клиник, түргэн тусламжийн төвөөр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж, ижил тарифаар санхүүжүүлж, хамтран ажиллах эрхзүйн орчинг баталгаажууллаа. Үүнтэй холбогдуулан хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага болох сэргээн засахын төв, хөнгөвчлөх, асаргаа сувилгааны төв, сувилахуйн төвүүд үүсэн байгуулагдах эрх зүйн орчинг бүрдүүллээ.
Гуравдугаарт, Анхан шатны эрүүл мэндийн байгууллагад тухайлбал өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвүүдэд дөнгөж сургууль төгссөн баклаврын боловсролтой эмч нарыг сайдын баталсан журмаар 2 жилийн хугаацаагаар ажиллуулдаг байсан тогтолцоог өөрчилж хуульчиллаа. Ингэснээр анагаахын сургуулийг шинээр төгсөгчид резидент эмчийн эрхтэйгээр төрөлжсөн болон нэгдсэн эмнэлгүүдэд ажиллах, үндсэн мэргэшлийн эмчийн резидентурт суралцах тохиолдолд тухайн суралцаж байгаа эмнэлэгтээ хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж, тодорхой хэмжээний цалин авах, өрхийн анагаах ухааны мэргэшлийн резидентур төгссөн сум өрхийн өрхийн төвд ажиллаж байгаа эмч нар мэргэшлийн зэргийн нэмэгдэл авч тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл бүрдэж байна.
Дөрөвдүгээрт, Үйлчлүүлэгчид хүргэх тухайн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг боловсронгуй болгож, эмнэлгийн тусламж, үйлчилгээний төрөл тус бүрээр магадлан итгэмжлэл хийхээр боллоо.
Тавдугаарт, Монгол Улсад мэргэшлийн үйл ажиллагаа эрхлэх гадаадын эмнэлгийн мэргэжилтэнд тавигдах шалгуурыг хуульчилж өгсөнөөр зохих дадлага туршлагатай, ур чадвартай, мэргэшсэн гадаадын эмч нар монголд ажиллах үндэс тавигдаж байна.
Зургаадугаарт, “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай” хууль батлагдсанаар 2015 оноос эхлэн хэрэгжиж эхэлсэн “Эрүүл мэндийн даатгалын тухай” шинэ хуулийг бүрэн төгс хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж байна.
Бид “Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай” хуулийг хүлээн авах хүндэтгэлийн арга хэмжээг төрийн ордонд зохион байгуулсанаар та бид өнөөдөр УИХ-ын дарга, УИХ-ын НББСШУ-ны байнгын хорооны өмнө хуулийг хэрэгжүүлэх ажлыг хамтдаа эхлүүлж байна. Энэ хуультай холбогдож гарах журам, зааварын жагсаалтыг сайдын тушаалаар баталж, ажлын хэсгүүдийг байгуулж байна. Энэ бүх журам зааврыг боловсруулж батлуулах ажлын хэсгийг мэргэжлийн салбар зөвлөл, тэргүүлэх эмч мэргэжилтэнүүд, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөлийг өргөнөөр оролцуулан байгуулж, манай хамт олон хоёр сарын дотор багатаан гаргах шахуу зорилт тавин ажиллаж байгааг хэлмээр байна. Ингээд “Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай” хуулийг хүлээн авах хүндэтгэлийн үйл ажиллагааг нээснийг мэдэгдье.