Монгол Улс нь “Мянганы хөгжлийн зорилт”-ын эхийн эндэгдлийг бууруулах, тав хүртэлх насны хүүхдийн болон нялхсын эндэгдэл, эхийн эндэгдлийг 1990 оны түвшнээс 75 хувиар бууруулж Мянганы хөгжлийн зорилтыг хангасан дэлхийн 9 орны нэгээр өнгөрсөн жил шалгарсан билээ.
“Эх хүүхдийн эндэгдлийг бууруулах арга зам” зөвөлөлдөх уулзалтыг ЭМСЯ-аас өнөөдөр зохион байгуулж, эх барих, эмэгтэйчүүд болон хүүхдийн анагаахын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүд, ЭМСЯ-ны удирдлагууд, эх, хүүхдийн зөвлөх эмч, ерөнхий мэргэжилтнүүд зэрэг 100 гаруй төлөөлөгчид оролцож эх, хүүхдийн тусламжийн чанарыг сайжруулах, эх, хүүхдийн эндэгдлээс сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх чиглэлээр хэлэлцэж байна.
Уулзалтыг нээж Эрүүл мэнд спортын сайд “Бид хүрсэн амжилтаа бататгаж, цаашилбал бууруулах зорилготой ажиллах ёстой. Энэ бол эрүүл мэндийн салбарынхны нэр хүндийн асуудал. Тогтвортой хөгжлийн зорилтын эхний жилийн эхний 4 сарын байдлаар эхийн эндэгдэл 100000 амьд төрөлтөд 66,9 буюу өмнөх оны мөн үеийн түвшнээс 3,5 дахин, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1000 амьд төрөлтөд 26,2 болж нялхсын эндэгдэл 22.7, нярайн эндэгдэл 10.8 болж өссөн буюу эхийн эндэгдэл 2015 онд бүтэн жилдээ бодит тоогоор 21 болсон. Яам удирдлагын зөвлөлийн хурлаараа “Эхийн эндэгдэл, эхийн ноцтой хүндрэл, “Хүүхдийн эндэгдлийн” асуудлыг хэлэлцэж, аймгийн Засаг дарга нарт эх, хүүхдийн эндэгдлийг бууруулах 14 хоногийн эрчимжүүлсэн ажлыг зохион байгуулах тухай албан бичгийг хүргүүлсэн, эх, хүүхдийн эндэгдлийн цаг үеийн асуудлаар болон томуу томуу төст өвчин, улаанбурханы оношилгоо эмчилгээний талаар цахим хурал, цахим сургалтуудыг шат дараатай зохион байгуулсан. Өнгөрсөн хугацаанд бүх аймгуудад мониторинг хийсэн, одоо бид ажлаа эрчимжүүлэх, хариуцлагаа сайжруулах зайлшгүй шаардлага урган гарч байна. Сайдын тушаал гарсан тушаалыг хэрэгжүүлэх ажил үлдсэн, мэргэжлийн салбар зөвлөлүүд сайн ажиллах ёстойг анхааруулсан юм. Мөн орон нутагтаа эх хүүхдийн эндэгдлийг бууруулах талаар өнөөдрийн зөвлөлдөх уулзалтаас олж авсан мэдлэгтээ тулгуурлан идэвхи санаачлагатай ажиллана гэдэгт итгэж байна. Бид санаачлагатай сайн ажиллаж байгаа удирдлага, байгууллагыг дэмжин ажиллана гэлээ.
Эхийн эндэгдлийн тохиолдол Өвөрхангай, Хөвсгөл, Архангай, Ховд, Өмнөговь аймгуудад тус бүр 2, Баянхонгор, Дархан-Уул аймагт тус бүр 1, хүүхдийн эндэгдлийн тохиолдол Баян-Өлгий, Баянхонгор, Архангай, Төв, Увс, Хөвсгөл, Сүхбаатар, Сэлэнгэ аймгуудад улсын дундаж үзүүлэлтээс өндөр байгаа аж.