Хамтран ажиллах тухай
УИХ-ын 2009 оны 64 дүгээр тогтоолоор “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого”, Эрүүл мэндийн сайдын 2011 оны 2 сарын 21-ний өдрийн 50 дугаар тушаалаар “Эрүүл мэндийн салбарт хөгжүүлэх төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар баримтлах бодлого” тус тус батлагдлаа.
Ийнхүү эрүүл мэндийг хамгаалах, дэмжих төрийн чиг үүрэгт иргэний нийгмийн байгууллагын оролцоог бий болгосон хууль эрх зүйн орчин бүрдсэнээр эрүүл мэндийн дараах чиглэлээр төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж, нилээд туршлага хуримтлуулан, харилцан үр дүнд хүрч байна:
- Эрүүл мэндийн хууль тогтоомж, тушаал шийдвэрийн хэрэгжилтийг сайжруулах болон эрүүл мэндийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар гаргасан саналыг шийдвэрт тусгах;
- Эрүүл мэндийн сайдын зөвлөл, магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөл, хүний эмийн зөвлөл зэрэг шийдвэр гаргах түвшинд ТББ-ын төлөөллийн оролцоог хангах;
- Нийгмийн эрүүл мэндийн болон эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний мэдээлэл сургалт сурталчилгаа, судалгаа хийх;
- Эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого, хөтөлбөр, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ үнэлгээ хийх
Цаашид нэгдсэн удирдлага, зохион байгуулалттайгаар эрүүл мэндийн салбар дахь иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл бүхий “Эрүүл мэндийн Иргэний зөвлөл” байгуулж, Эрүүл мэндийн яамтай хамтран ажиллахыг Та бүхнээс уриалж байна.
Эрүүл мэндийн Иргэний зөвлөл байгуулах нээлттэй хурал 2011 оны 4 дүгээр сарын 25-ны 11 цагт Эрүүл мэндийн яамны мэдээлэл, сургалтын төвийн хурлын “А” зааланд болох тул та бүхэн өргөнөөр оролцоно уу.