Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө,
Эрхэм хүндэт эрдэмтэн багш, эрүүл ахуйч, тархвар судлаачидаа,
Юуны өмнө та бүхнийн энэ өдрийн амар амгаланг айлтгаж зөвлөлгөөнд хүрэлцэн ирсэнд гүн талархлаа илэрхийлье.
Энэ удаагийн “Эрүүл-аюулгүй орчин” сэдэвт эрүүл ахуйч, тархвар судлаачдын улсын 3-р зөвлөлгөөн нь Монгол улсад Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн бэлтгэсний 60 жил, Эрүүл ахуйн тухай хууль УИХ-аар соёрхон батлагдсан онтой давхцаж байгаагаараа ихээхэн ач холбогдолтой болж байна.
Хүн ардынхаа эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлэх чиглэлээр зүрх сэтгэл, оюун ухаан, хүч чадлаа дайчлан ажиллаж байгаа эрүүл ахуйч, тархвар судлаач, эрдэмтэн багш, судлаачид та бүхэндээ Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн бэлтгэсний 60 жилийн ойн баярын мэнд дэвшүүлж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Мөн энэ чиглэлээр хамтран ажилладаг төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага тухайлбал, ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан, Азийн хөгжлийн банк, Жайка, Койка, Азийн сангийн хамт олонд талархал илэрхийлж, бидний цаашдын хамтын ажиллагаа улам өргөжинө гэдэгт гүнээ итгэж байгаагаа илэрхийлье.
Монгол Улсад Ардын хувьсгал ялсны дараа эрүүлийг хамгаалах ажлын нэн тэргүүний зорилт болон тулгарсан нийгмийн болон цочмог халдварт өвчнүүдтэй тэмцэх ажлыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд анагаах ухааны эрүүл ахуй, халдвар, нян судлалын салбарыг үүсгэн байгуулах хэрэгцээ шаардлага нэн тэргүүнд тавигдсан байна. 1929 онд Ардын эрүүлийг хамгаалах газарт ариун цэврийн зааварлагчийн орон тоо батлагдаж, нийгмийн эрүүл мэндийн асуудлаар дагнан ажиллах анхны төрийн мэргэжлийн албабий болсон түүхтэй. Мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх зорилгоор 1956 онд МУИС-ийн Хүн эмнэлгийн факультетэд “Эрүүл ахуй, эрүүлийг хамгаалахын зохион байгуулалтын тэнхим”-ийг байгуулжээ. Энэ нь өнөөгийн Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн үндэс суурьболсон юм.1959-1960 онд 14 их эмчийг 3 сарын курсээр эрүүл ахуйч, халдвар судлаачаар бэлтгэн, 1963 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн тогтоолоор Улаанбаатар хотын анагаах ухааны дээд сургууль, хүн эмнэлгийн техникумд эрүүл ахуйн ангийг тусгайлан нээж, эрүүл ахуй, халдвар судлалын дээд, дунд боловсролтой мэргэжилтэнг дотооддоо бэлтгэн гаргадаг болжээ.
Зөвхөн нэг ангийн хүрээнд мэргэжилтэн бэлтгэж байсан сургууль маань өнөөдөр Нийгмийн эрүүл мэндийн сургууль болтлоо өргөжиж 60 дахь жилийнхээ түүхийн хуудсыг бичиж байна. Түүхийн энэ хугацаанд тус сургууль нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр баклаврын сургалтаар 1600 гаруйэрүүл ахуйч, тархвар судлаач, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн, эрүүл мэндийн нийгмийн ажилтан, эрүүл мэндийн эдийн засагчийг бэлтгэсэн байна. Түүнчлэн250 гаруй мэргэжилтэнг нийгмийн эрүүл мэндийн магистрын сургалтаар, 2600 гаруй эмч, мэргэжилтэнг мэргэжил олгох, дээшлүүлэх чиглэлээр сургаж, нийт төгсөгчдийн 80 гаруй хувь нь эх орныхоо өнцөг булан бүрт эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу ажиллаж байна.
Ийнхүү манай улсад үндэсний мэргэшсэн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэгдсэнээр эрүүл ахуй, халдвар судлалын нэгдсэн тогтолцоо бүрдэн эрүүл аюулгүй орчныг бий болгох, хүнсний аюулгүй байдлыг хангах, хүн амыг халдварт болон халдварт бус өвчнөөс сэргийлэх чиглэлээр тодорхой зорилтуудыг дэвшүүлэн тавьж ажилласнаар зарим халдварт өвчнийг бүрмөсөн устгах, эрс бууруулах зорилтоо амжилттай хэрэгжүүлж чадлаа.
Анхны зөвлөлгөөнөөс хойш буюу 2014-2016 онд эрүүл ахуй, тархвар судлалын бодлого, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, орчны эрүүл мэнд аюулгүй байдлыг хангах чиглэлээр нэлээд томоохон ажлууыг хийж гүйцэтгээд байна. Тухайлбал, 2016 онд Монгол Улсын Их хурлаар “Эрүүл ахуйн тухай” хууль, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 4 дүгээр тогтоолоор “Хотжил ба эрүүл мэнд” үндэсний хөтөлбөр батлагдан гарлаа.Төвлөрсөн бус ариун цэврийн байгууламж болох “Нүхэн жорлон угаадасны нүх”-ний 4 стандарт, ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлж байгаа “Хүн амын ундны усны аюулгүй байдлын төлөвлөгөө” боловсруулах аргачлал, заавар,“Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны ус, ариун цэвэр, эрүүл ахуйд тавигдах нийтлэг шаардлага”зэрэг хэд хэдэн бодлогын баримт бичгийг боловсруулж батлуулсан байна. “Цэвэрорчин-Улаанбаатар” сэдэвт хэлэлцүүлэг, “Агаарын бохирдол ба хүүхдийн эрүүл мэнд” олон улсын хурлыг амжилттай зохион байгуулж, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, дээшлүүлэх зорилгоор нилээдгүй олон сургалт семинар, уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулж ажиллалаа.
Гэвч өнөөгийн байдлаар хүрээлэн буй орчны эрүүл мэндийн асуудал нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал хэвээр байна. Ялангуяа томоохон хот, суурин газрын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүр, азотын давхар исэл, хүхэрлэг хий, хар тугалга болон нарийн ширхэглэгт тоосонцрын хэмжээ эрүүл ахуйн зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр байна. Энэ нь хүн амын дунд амьсгалын замын өвчлөл, түүний дотор уушигны цочмог, архаг үрэвсэл, хорт хавдар, зүрх судасны эмгэг, харшлын өвчин нэмэгдэх, хүний дархлааны түвшин буурах, хүүхдийн бие бялдрын өсөлт, хөгжилт саарах зэрэг сөрөг нөлөө үзүүлж байна.
Сүүлийн жилүүдэд хүн амын ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын бүсийн дэглэмийг зөрчиж, барилга, байгууламж барих, газар тариалан, мал аж ахуй эрхлэх, уул уурхайн олборлолт явуулж байгаа нь ундны ус бохирдох, хомсдох нөхцөлийг бүрдүүлж байна. Тухайлбал, худгийн эргэн тойронд 50 метр газарт ямар нэгэн бохирдуулагч эх үүсвэр байгаагаас шалтгаалан төвлөрсөн бус ус хангамжийн эх үүсвэр сумдын болон байгууллага, аж ахуйн нэгж, иргэний гаргасан гүн өрмийн худгийн 32.3 хувьд нь 30орчим хувь нь нянгийн бохирдолтой болох нь шинжилгээгээр нотлогдсон байна.
Үйлдвэрийн болон ахуйн хог хаягдал, эрүүл ахуйн шаардлага хангаагүй энгийн бие засах газар, бохирын цооногийн тоо нэмэгдснээр хөрсний өөрөө цэвэрших чадварыг алдагдуулж, суурин газрын хөрсний бохирдлын түвшин нэмэгдэж, хүн амын дунд гэдэсний халдварт өвчин гарахад нөлөөлж байна. Тухайлбал, Улсын хэмжээнд хөрсний бохирдлын байдалд 2012 онд хийсэн хяналт шинжилгээний дүнг 1993 оны дүнтэй харьцуулахад нянгийн тоо 457 дахин нэмэгдсэн, хар тугалганы агууламж хүн ам ихээр төвлөрсөн, автомашины хөдөлгөөн ихтэй газруудад хүлцэх хэмжээнээс 6 дахин их гарсан байна.Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааны дүнгээр шаардлага хангасан ариун цэврийн байгууламжаар хангагдсан хүн амын эзлэх хувь улсын хэмжээнд дөнгөж 58.3 хувь, үүнээс хотод 69.1 хувь, хөдөөд 39.4 хувь байна. Мөн хөрсний бохирдол жилээс жилд нэмэгдэж ялангуяа Улаанбаатар хотод энэхүү үзүүлэлт нэлээд өндөр байна
Хүнсний үйлдвэр, үйлчилгээний газрын эрүүл ахуйн аюулгүй байдал зөрчигдөх, түүхий эд, бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлтийн горим, чанар, аюулгүй байдал алдагдаж байгаа нь олныг хамарсан хоолны хордлого, хордлогот халдвар гарах нөхцлийг бүрдүүлж байна. Тухайлбал, улсын хэмжээнд 2004-2012 онд хүнснээс гаралтай хордлогот халдварын 42 удаагийн дэгдэлт гарч, гэдэсний халдварт өвчний дотор хоолны хордлогот халдвар 40 гаруй хувийг эзэлж байна.
Улсын хэмжээнд 2013-2014 оны хичээлийн жилд 1067 цэцэрлэгт 193.0 мянга, 755 ерөнхий боловсролын сургуульд 504.0 мянган хүүхэд суралцаж байгаа бөгөөд тэдний суралцах орчны эрүүл ахуйн нөхцөлийг хангасанаар эрүүл иргэнийг төлөвшүүлж хөгжүүлэх үндэс тавигдана гэж үзэж байна. Гэвчсудалгаанаас үзэхэд нийслэлийн хэмжээнд сургуулиудын 76 хувь, цэцэрлэгийн 80 хувь нь хүчин чадлаасаа 1.5-2 дахин их хүүхэд авч, 3 ээлжээр хичээллэж байгаагаас анги, бүлгийн агааржуулалт, гэрэлтүүлэг хангалтгүй, ариун цэврийн тоноглол хүрэлцээгүй, ариун цэврийн нэг тоноглолд ногдох хүүхдийн тоо эрүүл ахуйн нормоос 2-5 дахин их болжээ. Мөн эрүүл мэндийн байгууллагын 90 гаруй хувь нь эмнэлгийн тусгай хог хаягдлыг шатааж устгадаг хэдий ч шатаах зуух нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй агаар шүүх төхөөрөмжгүй байгаа нь орчныг бохирдуулах эх үүсвэр болсоор байна.
Сүүлийн жилүүдэд хотжилт, уул уурхайн үйлдвэрлэл, жижиг, дунд бизнесийн үйл ажиллагаатай уялдан хүний хүчин зүйлээс шалтгаалсан эрсдэлт хүчин зүйлс эрс нэмэгдэж байна. Иймээсхүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлсийг бууруулах, арилгах, түүнээс урьдчилан сэргийлэх замаар иргэд эрүүл, аюулгүй орчинд таатай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхзорилгоор “Эрүүл ахуйн тухай” хууль батлагдаж энэ оны 2 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн улс даяар хүчин төгөлдөр мөрдөж эхлээд байна.
Энэ хууль 1998 онд батлагдсан “Арийн цэврийн тухай” хуулийн шинэчилсэн найруулга бөгөөд өмнөх хуульд суугилж, олон шинэлэг асуудлыг тусгагдсан маш чухал ач холбогдолтой хууль болсон гэдгийг юуны өмнө онцлон тэмдэглэж байна. Тухайлбал, энэ хуульд хүн амын суурьшлын бүсийг төлөвлөж барилгажуулах, нийтийн эдэлбэр болон гэр хорооллын газрыг дахин төлөвлөхөд эрүүл ахуйн болон барилгын стандарт, норм, нормативыг үндэслэн эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ хийх, төвлөрсөн бус ариун цэврийн байгууламжийг стандартын дагуу барьж ашиглах, хүн амын ундны болон ахуйн усныхоногт шаардагдах зохистой хэмжээгтогтоох, Эрүүл ахуйн удирдлагын болон тандалт, судалгаа хийх тогтолцоог бүрдүүлэх, эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг хангахад нутгийн өөрөө удирдах байгууллага, Засаг даргын тамгын газар, аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хүлээх эрх үүргийг тодорхой болгож хууүльчиллаа. Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргаанц төв байгууллагын дэргэд Эрүүл ахуй, тархвар судлалын асуудлыг хэлэлцэх санал дүгнэлт, зөвлөмж гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус мэргэжлийн зөвлөлтэй болж дарга нь Монгол Улсын Ерөнхий эрүүл ахуйч байхаар хуульчилсан нь чухал ач холбогдолтой юм. Түүнчлэн хүн амын суурьшлын бүсэд халдварт, сүрьеэгийн эмнэлгийг шинээр төлөвлөх, барьж байгуулах,гоёлын гоо заслын газарт арьс, саластыг цоолж гэмтээх мэс ажилбар хийх, зөвшөөрөгдсөн цэгээс бусад газарт хоёрдогч түүхий эд хүлээн авах, цуглуулах, автотехникийн засвар үйлчилгээ хийх, тос тосолгооны материалыг ил задгай хаях, асгах, нийтийн эзэмшлийн болон үйлчилгээний газар орон сууцны орчныг бохирдуулах, зориулалтйн бус газар бие засах, хог хаягдлыг ил задгай хаях, шатаахыг хориглож, хүлээлгэх хариуцлагыг тодорхой болголоо. Хуулийг сурталчилах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахын тулд ЭМСЯ, түүний харьяа судалгааны болон хэрэгжүүлэгч байгууллага,эрүүл ахуйч, тархвар судлаачдын өмнө дүрэм журам, заавруудыг шинэчлэх, шинээр боловсруулж батлуулах, ажлын байрны тодорхойлолт, гүйцэтгэх ажлын төлөвлөлтийг боловсронгуй болгох шаардлага гарна. Тухайлбал, энэ үндэсний зөвлөгөөнд хэлэлцүүлж санал авахаар тараасан олон дүрэм журмуудын төсөлд та бүхэн саналаа өгөх хэрэгтэй. Түүнчлэн Та бүхэн ойрын хугацаанд хийж хэрэгжүүлэх ажил, түүнд шаардлагатай хөрөнгө мөнгө, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, боловсон хүчний хангалт, хэрэгцээ гээд олон асуудлыг хөндөн ярилцаж авах арга хэмжээний тодорхой шийдэл, гарцуудыг хайж оновчтой зөвлөмжийг гаргана гэдэгт би итгэл төгс байна.
Хуулийг амжилттай хэрэгжүүлэх нь хуулийн үзэл баримтлал, зарчим, үндсэн заалтууд, хууль зөрчсөн тохиолдолд хүлээх хариуцлагыг иргэдэд төдийгүй бүх бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчдад сурталчилах ажлын зохион байгуулалтаас ихээхэн хамрах болно. Энэ ажлыг удирдан зохион байгуулахад АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургууль, НЭМХ, ЭМХТ-ийн хамт олон манлайлан оролцож, ЭМСЯ нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах хэрэгтэй. Хуулийн хэрэгжилтийг бүх түвшинд хангаж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах томоохон хариуцлагатай үүргийг эрүүл ахуйч, тархвар судлаачид та бүхэн хүлээх болно. Та бүхнийг шинэ хуулийн хүрээнд ажлаа оновчтой төлөвлөж, шинэ сэтгэлгээгээр эрч хүчтэй ажиллана гэдэгт би итгэж байгаагаа илэрхийлж, зөвлөгөөний ажиллагаанд амжилт хүсье.