Өнөөдөр хүрээлэн буй орчны эрүүл мэндийн асуудал нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болсоор байгаа билээ. Энэ цаг мөчид Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор Эрүүл ахуйч, тархвар судлаачдын үндэсний III зөвлөлгөөн “Эрүүл аюулгүй орчин” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байна.
Сүүлийн жилүүдэд хотжилт уул уурхайн үйлдвэрлэл, жижиг дунд бизнесийн үйл ажиллагаатай уялдан хүний хүчин зүйлээс шалтгаалсан эрсдэлт хүчин зүйлс эрс нэмэгдсээр байгаа. Иймд хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлсийг бууруулах, арилгах замаар иргэд эрүүл аюулгүй орчинд таатай орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор “Эрүүл ахуйн тухай” хуулийг УИХ-аас баталж, энэ оны 2 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн улс орон даяар хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн.
Зөвлөлгөөнийг нээж Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа хэлсэн үгэндээ Эрүүл ахуйн тухай хуульд олон шинэлэг асуудал тусгагдсан. Тухайлбал хүн амын суурьшлын бүсийг төлөвлөж барилгажуулах, нийтийн эдэлбэр болон гэр хорооллын газрыг дахин төлөвлөхөд эрүүл ахуйн болон барилгын стандарт норм, нормативыг үндэслэн эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээ хийх, төвлөрсөн бус ариун цэврийн байгууламжийг стандартын дагуу барьж ашиглах, хүн амын ундны болон ахуйн усны хоногт шаардагдах зохистой хэмжээг хуульчлах, Эрүүл ахуйн удирдлагын болон тандалт судалгаа хийх тогтолцоог бүрдүүлсэн.Одоо бид хуулиа иргэдэд төдийгүй бодлого боловсрулагч, шийдвэр гаргагчдад сурталчилж, хуулийн хэрэгжилтийг бүх түвшиндээ хангах, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах томоохон хариуцлагтай ажил үлдлээ гэдгийг онцлоод, зөвлөлгөөнд оролцогч, эрүүл ахуйч, тархар судлаачдад хандан хуулийн хэрэгжилтийг хангахад манлайлагч, хөдөлгөгч хүч нь болж ажиллахыг уриаллаа.
Энэхүү зөвлөлгөөнд Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн бэлтгэх тогтолцоо бүрдсэний 60 жилийн ойн хүрээнд эрүүл ахуй, тархвар судлалын чиглэлээр аймаг, нийслэлийн түвшинд ажиллаж байгаа эрдэмтэд, зөвлөхүүд, эрүүл ахуйч, тархвар судлаачид, улсын байцаагч, багш, эрдэм шинжилгээний ажилтан, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд, үе үеийн ахмадууд, нийт 350 гаруй төлөөлөгчид оролцож байна.
Эрүүл ахуйч, тархвар судлаачдын үндэсний III зөвлөлгөөн хоёр өдөр үргэлжлэх бөгөөд, салбар хуралдаанууд хуралдаж зөвлөлгөөнөөс зөвлөмж гарч холбогдох мэргэжлийн байгууллагуудад хүргүүлэх аж.