Монгол Улсад эрүүл мэндийн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан ЭМЯ-ны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хорооноос их, дээд сургууль, коллежийн оюутнуудын дунд эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн чиглэлээрх эссэ бичлэгийн уралдааныг зарласан билээ.
Уралдаанд МУИС, МУБИС, ЭМШУИС, Монос АУДС, Ач АУДС, ШУТИС, ХААИС, Их Монгол, Этүгэн дээд сургуулийн оюутнууд эссэ бичлэг ирүүлсэн ба эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, түүнийг хэрхэн сайжруулах, эмчийн нэр хүндэд нөлөөлөх сөрөг хүчин зүйлс, бууруулах арга замын талаар өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, идэвхтэй оролцлоо.
Уралдаанд ирсэн эссэг ЭМЯ-ны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хороо, ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газар болон оюутнуудын санаачилгаар байгуулагдсан төрийн бус байгууллага Монголын анагаах ухааны боловсролын хүрээлэнгээс томилогдсон тусгай комисс уншиж, үндсэн 6 шалгуур үзүүлэлтийн дагуу шалгаруулалтыг явуулж, болзлын дагуу 6 шилдэг эссэг шалгарууллаа.
Уралдааны дүнг танилцуулбал:
- Нэгдүгээр байрт – МУИС-ийн Газар зүй, геологийн сургуулийн 2-р дамжааны оюутан Н.Бямбадорж
- Хоёрдугаар байрт – МУИС-ийн Гадаад хэл соёлын сургуулийн оюутан А.Номин-Эрдэнэ
- Гуравдугаар байрт – “Монос” Анагаах ухааны дээд сургуулийн 5-р дамжааны оюутан Б.Уянга, МУБИС-ийн Гадаад хэлсний сургуулийн 1-р дамжааны оюутан Ж.Нарангарав
- Шагналт байрт – ЭМШУИС-ийн 5-р дамжааны оюутан Н.Даваажав, “Этүгэн” дээд сургуулийн Сувилахуйн 2-р дамжааны оюутан Б.Мөнхзул тус тус шалгарч, “Өргөмжлөл”, 150000-40000 төгрөгийн мөнгөн шагналаар тус тус шагнуулав.
Уралдаанд шилдгээр шалгарсан оюутнуудын шагналыг тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, ЭМЯ-ны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хорооны гишүүн Б.Баярт Дэлхийн эрүүл мэндийн өдөр - 2011 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр гардууллаа. Мөн уралдаанд идэвхтэй оролцсон бусад оюутнуудад “Талархал” гардуулж, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйг дээшлүүлэх талаар олон оновчтой санал дэвшүүлсэн оюутнууддаа талархал илэрхийлж, сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүслээ.
ЭМЯ-ны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хорооноос цаашдаа эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн чиглэлээр эссэ бичлэгийн уралдааныг жил бүр уламжлал болгох зарлах тул их, дээд сургууль, коллежийн оюутан Та бүхэнд олон боломж байгааг хэлье. Уралдаанд шалгарсан оюутнуудын талаарх товч мэдээллийг эндээс үзнэ үү.
Уралдаанд шалгарсан оюутнуудын эссэг бид вэб хуудастаа удахгүй байршуулж, олны хүртээл болгох болно.
ЭМЯ-НЫ ДЭРГЭДЭХ ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ЁС ЗҮЙН ХОРОО