Монгол Улсад эх нярайн эрүүл мэндийг сайжруулах, гэр бүл төлөвлөлт, эх барихын тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй болгох, эмч мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Эх Нялхсын Эрүүл Мэндийн Боловсрол” төслийг Монгол, Австрали, Шинэ Зеландын Ротари клубууд хамтран Олон улсын Ротари сангийн дэмжлэгтэйгээр 2013 оноос хэрэгжүүлж байгаа билээ.
Тус төслийн хүрээнд “Жирэмсэлт, төрөлт, төрсний дараах үеийн эрүүл мэндийн боловсрол олгох” сургагч бэлтгэх сургалтыг 2016 оны 05 дугаар сарын 23-25-ны өдөр Нийслэлийн Өргөө амаржих газар дээр Улаанбаатар Ротари клуб, АШУҮИС Сувилахуйн сургууль, Нийслэлийн Өргөө амаржих газар хамтран зохион байгуулсан байна. Сургалтанд Улаанбаатар хотын 8 дүүргийн эрүүл мэндийн төвийн эх баригч, ЭХЭМҮТ, нийслэлийн амаржих газар, Интермед, Гурвангал, Таны төлөө-Бид эмнэлгийн эмч, эх баригч нар, АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн Эх барихын тэнхим, Эх хүүхдийн сувилахуйн тэнхимийн багш нар оролцлоо.
Энэхүү сургалтанд зориулж Эх Нялхсын Эрүүл Мэндийн Боловсролын сургалтын гарын авлагыг Монгол, Австрали, Шинэ Зеландын эх барихын тусламж үйлчилгээ үзүүлэгч мэргэжилтнүүд хамтран боловсруулж эх баригч, эмнэлгийн мэргэжилтний хүртээл болгосон бөгөөд уг сурах бичгийг эх, нялхсын эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг бүх шатны эмнэлгийн байгууллагын ажилтнууд, анагаахын сургуулийн оюутнууд сургалтанд ашиглах боломжтой юм.
Жирэмсэлт, төрөлт, төрсний дараах үеийн эрүүл мэндийн боловсрол олгох сургалтанд хамрагдсан эх баригч, эмнэлгийн мэргэжилтнүүд нь эрүүл мэндийн ажилтнуудыг үр дүнтэй сургаж цаашид тус сургалтыг тасралтгүй явуулах цогц чадамжтай болох юм.
Энэхүү сургалтыг Улаанбаатар хотод зохион байгуулагдахаас гадна Дархан-Уул, Дорноговь аймгуудад 06 сарын 03-ны өдрөөс эхлэн зохион байгуулна.