“Үндэсний оношилгоо, эмчилгээний төв” байгуулах барилгын ажлын шав тавих ёслол өнөөдөр боллоо. Энэхүү ёслолын арга хэмэээнд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа, БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд У Сун, Самсунг Си энд Ти консорциумыг төлөөлж ноён Бём Сүн Ли болон бусад албаны хүмүүс эмч, эмнэлгийн ажилчид оролцлоо.
Шинэчлэлийн болон Шийдлийн Засгийн газрын 2012-2016 оны Эрүүл монгол хүн хөтөлбөрийн гол цөм нь эрүүл мэндийн салбарт техник технологийн шинэчлэлт хийх зорилт байсан. Энэхүү зорилтын хүрээнд 11 аймгийн нэгдсэн эмнэлэг бүсийн оношилгооны төвд 23 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмж бүхий оношилгооны төвийг байгуулаад байна. Үүний нэг болох Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийг орчин үеийн шаардлага стандартад нийцсэн үндсэн 103 ортой, 15468 м2 талбайтай барилга баригдах бөгөөд, өндөр хүчин чадалтай дэвшилтэд эмнэлгийн тоног төхөөрөмжийг суурилуулж 2018 онд ашиглалтад оруулах юм.
Монгол Улсад анх удаа эмнэлгийн зориулалттай цөмийн шугаман хурдасгуур буюу изотопийн бэсрэг үйлдвэрийг суурилуулж, 233 нэр төрлийн тоног төхөөрөмж болон эмнэлгийн багаж хэрэгсэл нийлүүлэгдэх аж.
Шав тавих ёслолын үеэр Ерөнхий сайд “Оношилгоо эмчилгээнд орчин үеийн чадалтай техник технологийг нэвтрүүлэх гэсэн бидний эцсийн зорилго бол эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлж улмаар асар өндөр зардлаар гадаадад оношилгоо хийлгэхээр явж буй иргэдийнхээ тоог бууруулж тэднийг эдийн засгийн бэрхшээлээс гаргахад оршиж байна” хэмээн онцоллоо. Тэрээр ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар таван сар гаруйн хугацаанд ажиллахдаа энэхүү төвийг барих ажлыг эрчимтэй хөөцөлдсөний үр дүн гарч өнөөдөр бид хамтдаа шавыг тавьж байна. Тиймээс Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа танд эрүүл мэндийн салбарынхны нэрийн өмнөөс баярлаж буйгаа илэрхийлье гэсэн юм.
Мөн энэ үеэр С.Ламбаа сайд Улсын хоёрдугаар төв эмнэлгийн хашаанд баригдаж байгаа төвийн нээлтийн шавь тавих ёслол ажиллагаа эхлэхээр болж байгаа нь үнэхээр сайхан үйл явдал. Оношилгооний төв нь хоёр эмнэлгийн төв корпустай холбогдож ажиллах тул их том цогцолбор эмнэлэг болж баригдах юм. Нөгөө талаасаа энд цус судлалийн төвийн барилга удахгүй ашиглалтанд орно. Энэ нь их бодлоготой хийгдсэн цогцолбор барилгууд гэдгийг хэлж байлаа
Энэхүү төвийг барьж байгуулахад БНСУ-ын хөнгөлттэй зээлээр 55.5 сая ам.доллар, Монгол Улсын Засгийн газраас 10.5 сая ам.доллар нийт 65 сая ам.доллар зарцуулагдана. Төв баригдаж ашиглалтад орсноор 350 ажлын байр шинээр нэмэгдэх бөгөөд тус төвд ажиллах боловсон хүчний сургалтыг Солонгос улс болон Монгол улсад тус тус зохион байгуулж бэлтгэнэ.
Барилгын ерөнхий гүйцэтгэгчээр БНСУ-ын талаас Самсунг Си энд Ти консорциум, Монголын талаас “Одкон” компани хамтран ажиллана.