Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн А хорооны хуралдаанаар "Амьдралын туршид эрүүл мэндийг дэмжих" хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлдэг хөтөлбөрүүдийн холбогдох баримт бичгүүдийг хэлэлцэв. Хэлэлцүүлэгт Эрүүл мэнд, спортын яамны Гадаад хамтын ажиллагааны албаны дарга Б.Янжмаа оролцож, Засгийн газрын байр суурийг илэрхийлсэн байна.
Эх, нярай болон бага насны хүүхдийн хоол тэжээлийн асуудлаарх хөтөлбөрийн тайлантай холбогдуулж үг хэлэхдээ Монгол Улс дэлхийн хэмжээнд тавьсан зургаан зорилтын зөвхөн хоёрыг буюу хүүхдийн өсөлт хөгжлийн зогсолт болон тураалтай холбоотой зорилтуудыг хангасан бол нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн дундах цус багадалт, дутуу төрөлт болон хүүхдүүдийн дундах жингийн илүүдлийг бууруулах зорилтуудад хүрч чадаагүй байгааг тэмдэглэв. Түүнчлэн дан хөхөөр хооллохыг дэмжих зорилтын хувьд манай улс ухралт хийж, 2010 онд 65 хувьтай байсан үзүүлэлт 2013 онд 47 хувь болж буурсантай холбогдуулж 2015 онд эх, хүүхдийн хоол тэжээлийн асуудлаарх хэд хэдэн бодлогын баримт бичгийг шинэчилж, эхийн сүүг орлох хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байгааг танилцууллаа.
Хэлэлцүүлж байгаа асуудалтай холбогдуулан олон улсын түнш байгууллагуудыг бага насны хүүхдүүдийн дундах бичил тэжээлийн дутагдал болон нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн дундах цус багадалтыг бууруулах чиглэлээр анхаарал хандуулж хамтран ажиллахыг уриалахын зэрэгцээ бага насны хуухдүүдэд чиглэгдсэн хоол, хүнсний зүй зохисгүй сурталчилгааг таслан зогсоох тухай баримт бичгийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэв.
"Мянганы хөгжлийн зорилтуудын үр дүнгийн үнэлгээ" сэдэвт хэлэлцүүлгийн үеэр дараах байр суурийг илэрхийллээ. Үүнд, 2000 онд Мянганы хөгжлийн зорилтуудыг хүлээн авсан нь шилжилтийн явцад байсан Монгол Улсын хувьд хөгжлийн дунд болон урт хугацааны бодлого төлөвлөлт, хэрэгжилтийн механизм, үр дүнд тавих хяналт шинжилгээний үндэсний чадавхийг сайжруулахад ихээхэн түлхэц үзүүлж, чухал үүрэг гүйцэтгэснийг цохон тэмдэглэв. Ялангуяа, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийн мэдээллийн нэгдсэн сан болон Мянганы хөгжлийн зорилтын хэрэгжилтийг үнэлэх хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоог бий болгоод зогсохгүй холбогдох статистик мэдээллийн баазыг бэхжүүлэхэд чухал үүрэгтэй байсныг онцолж, цаашид 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоог улам бүр боловсронгуй болгох нь үр дунд суурилсан сайн засаглалыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцоллоо.
Мөн хуралдаанаар "Тогтвортой хогжлийн зорилт ба эрүүл мэнд" сэдэвт тогтоолын төслийн хэлэлцүүлэг хийгдлээ. Монгол Улсын Их Хурлаас энэ оны 2 дугаар сард Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг баталж, хүрээлэн буй орчны тогтвортой байдлыг хангах замаар эдийн засгийн өсөлтийг хангаж, өсөлтийн үр шимийг нийгэмд тэгш, хүртээмжтэйгээр хүргэх дэлхийн зорилтуудтай уялдуулсан байдлаар үндэсний зорилтуудаа тодорхойлсон болохыг танилцууллаа. Тухайлбал, Тогтвортой хөгжлийн зорилт дахь эрүүл мэндийн зорилтуудын тухайд Монгол Улс нярай болон бага насны хүүхдийн сэргийлж болох нас баралтыг таслан зогсоож, эхийн эндэгдэл, халдварт бус өвчнөөс улбаатай эрт нас баралтыг тууштай бууруулан, Монгол хүний дундаж наслалтыг өсгөх зорилтуудыг тодорхойлсон талаар дэлгэрэнгуй танилцуулав.
Тогтвортой хөгжлийн зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэх эсэх нь дан ганц санхүүжилтээс хамаарах асуудал биш хэдий ч Монгол Улсын нэгэн адил дунд орлоготой бусад улс орнуудын хувьд дотоодын санхүүжилтээс гадна олон улсын байгууллагуудын санхүүгийн дэмжлэг чухал үүрэгтэйг онцлон тэмдэглэв. Эл асуудлаар ДЭМБ-ын Гүйцэтгэх зөвлөлийн ээлжит хуралдаанаар хэлэлцэж энэ удаагийн чуулганаар батлуулахаар хэлэлцүүлж байгаа тогтоолын төслийг Монгол Улс дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ дунд орлоготой улс орнуудад дэлхийн хамгийн ядуу хүн амын олонхи ногдож байгааг харгалзан үзэж, дунд орлоготой улс орнуудын хөгжлийг цаашид үргэлжлүүлэн дэмжиж ажиллахыг ДЭМБ-аас хүсч байгаагаа илэрхийлэв.