Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2016.05.20/ нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэнд, спортын сайдаар С.Ламбааг 94.7 хувийн саналаар дэмжин томиллоо.
Ийнхүү Эрүүл мэнд спортын сайдаар томилогдсон С.Ламбаад Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэнд, спортын сайдын үүргийг зургаан сар гүйцэтгэсэн Ц.Оюунбаатар тамгыг гардуулан өглөө. Тэрээр хамт ажиллах хугацаанд олон хүнд сорилтыг хамтдаа туулсан, аливаа асуудалд уян хатан хандаж, шийдвэрлэдэг туршлагатай менежер хэмээн онцлоод цаашдынх нь ажилд амжилт хүссэн юм.
Мөн энэ үеэр ЗГХЭГ-ын дарга С. Баярцогт өнгөрсөн хугацаанд Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд хариуцлага шаардсан олон ажлыг амжуулахын зэрэгцээ эрүүл мэнд, спортын салбарыг нэр хүндтэй авч явсанд талархалаа илэрхийлсэн. Мөн тэрээр шинээр томилогдсон Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа нь энэ салбарын сайдаар өнгөрсөн хугацаанд дөрвөн жил ажилласан туршлагатай улстөрч, парламентч учраас Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон Ерөнхий сайдын нэрийн өмнөөс баяр хүргэж, богино хугацаанд олон ажлыг амжуулахыг захиад ажилд нь амжилт хүслээ.