2011 оны 4-о сарын 7-ны өдөр ЭМЯ дээр болсон Хэвлэлийн хуралд Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон, НҮБХАС-гийн Ази, Номхон далайн бүсийн захирал хатагтай Нобуко Хорибе, НҮБХАС-гийн Монгол улс дахь суурин төлөөлөгч хатагтай Аржентина Матавел болон НҮБХАС-ын орчуулагч Энхчимэг нар оролцов. НҮБХАС-гийн Ази номхон далайн бүсийн захирал хатагтай Нобуко Хорибе нь Монгол улсад 4 сарын 4 –нөөс 8-ны хооронд ажлын айлчилж, айлчлалын өдрүүдэд
маш шахуу хөтөлбөртэй ажилласан байна. Хэвлэлийн хурал дээр хатагтай Нобуко Хорибе айлчлалын талаар дүгнэн ярихдаа, Монголд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний байдал бусад хөгжиж буй орнуудтай харьцуулахад ялангуяа хүний нөөцийн чадавхийн хувьд илүү өндөр түвшинд хүрсэн байгаа нь давуу талтай боловч газар нутгийн алсмагдал байдал дараагийн шатлалын эмнэлэгт хүрч, тусламж үйлчилгээ авахад хүндрэл учруулдаг юм байна хэмээн онцолж байлаа. НҮБХАС-гийн Бүсийн захирал цаашид тус сангаас манай улсын эрүүл мэндийн салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлэхдээ тоон мэдээллийг цуглуулах ажлыг нухацтай хийж, түүнд суурилсан судалгаа дүгнэлт гаргах, эмзэг бүлгийн иргэдэд хүргэх эмнэлгийн тусламж үйлчилгээг чанаржуулах илүү хүртээмжтэй болгоход түлхүү анхаарах хэрэгтэй байна гэсэн юм.
Нобуко Хорибе айлчлалын эхний өдөр МУ-ын Их хурлын дарга Д.Дэмбэрэл, НБСШУ-ны байнгын хорооны дарга Д.Очирбат нарт бараалхаж, мөн энэ өдөр Эрүүл мэндийн сайд С.Ламбаа болон ЭМЯ-ны удирдлагуудтай уулзалт хийж, НҮБХАС–аас эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн явц, цаашдын чиг хандлагын талаар ярилцсан. Түүнчлэн 2-р амаржих газар, Эх нялхасын эрдэм шинжилгээний төвийн хамт олонтой уулзалт зохион байгуулж, үйл ажиллагаатай биечлэн танилцсан бол айлчлалын хоёрдахь өдөр Гадаад харилцааны дэд сайд Б.Болор, НХХ-ийн сайд Т.Ганди, Монголын үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан нартай уулзаж, Дархан уул аймагт очиж НҮБХАС-гийн санхүүжилтээр хэрэгжиж буй Зайн оношилгооны төслийн хэрэгжилттэй танилцаж, ажиллагсадтай санал солилцсон. Дархан-уул аймагт ажиллах хугацаандаа Хонгор сумын эмнэлгээр орж, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний нөхцөл байдлыг газар дээр нь үзэж танилцсан юм.
Хатагтай Хорибегийн айлчлалын үр дүнд НҮБХАС болон МУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны харилцан ойлголцол илүү бодитой болж, өргөжин хөгжиж, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн үр өгөөж дээшилнэ гэж талууд үзэж байгаа ажээ.