2016 оны 1 дүгээр улиралд Эрүүл мэнд, спортын сайдын 101, Төрийн нарийн бичгийн даргын 90 тушаал батлагдсан байна. Тушаал шийдвэрт хийсэн дүн шинжилгээгээр танилцуулах хуудсаар санал аваагүй, хуулийн мэргэжилтнээр хянуулаагүй зэрэг зөрчил дутагдал нийтлэг байгааг харгалзан Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын дэргэдэх Удирдлагын зөвлөлийн хурлаас “Хөдөлмөрийн дотоод журам”-ын хэрэгжилтийг хангаж ажиллах, илэрсэн зөрчлийг арилгах арга хэмжээ авахыг газар, хэлтсийн дарга нарт үүрэг болголоо. Мөн үнэлгээний хороо, ажлын хэсэг байгуулах, тоног төхөөрөмж хуваарилах, хөрөнгө, санхүүжилт батлах, эрх шилжүүлэх зэрэг тушаалын төсөлд танилцуулах хуудсаар санал авах асуудлыг шийдвэрлэх, тушаал шийдвэр, баримт бичгийн боловсруулалт, хяналтыг сайжруулах чиглэлээр “Хөдөлмөрийн дотоод журам”-д өөрчлөлт оруулан 2016 оны 5 дугаар сард багтаан батлуулахыг Төрийн захиргааны удирдлагын газарт даалгав.