Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 159, 222 дугаар тогтоолын дагуу улаанбурхан өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх зорилгоор орон даяар 18-30 насны залуучуудад улаанбурхан-улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтыг өнөөдрөөс хийж эхлээд байгаа билээ.
Улаан бурхны өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтын вакцинд залуучууд хэрхэн хамрагдаж, явц ямар байгаатай Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар газар дээр нь очиж танилцлаа. Сайдын эхний очсон газар нь ХУД-ийн 15 дугаар хорооны “Мэнд саруул” өрхийн эмнэлэг байлаа.
Тус хороо нь 9 мянган өрхтэй, 21000 хүн амтайгаас 18-30 насны 2800-аад хүн тус вакцинд хамрагдах аж. Өнөөдрийн байдлаар тус өрхийн эмнэлгээр 70 гаруй хүн вакциндаа хамрагдаад байгаа бөгөөд тэдний тоцоогоор өдөрт 200 хүн хамрагдах юм байна. Сайдын дараагийн очсон газар ХААИС байлаа. Тус сургууль 7800 оюутантай бөгөөд эхний өдрийн байдлаар 1000 гаруй оюутан вакуиндаа хамрагдаад байлаа. Тус сургууль арван баг гарган ажиллаж байгаа бөгөөд өдөрт 3000 оюутан хамруулна гэсэн тоцоог гаргасан байна.
Олон улсын сувилагчдын баярын өдөр тохиож буй өдрөөрөө цаг наргүй ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчдад баярын мэнд хүргэхийн зэрэгцээ 18-30 насны оюутан залуучуудыг харъяалал харгалзахгүй өөрт хамгийн ойрхон өрх, сумын эрүүл мэндийн төв, аймаг дүүргийн эрүүл мэндийн төв албан байгууллагууд эсвэл их, дээд сургуулиудад байрших дархлаажуулалтын түр цэгүүдэд очиж вакциндаа идэвхтэй хамрагдахыг Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар уриалж байлаа. Вакцинжуулалт 14 хоног үргэлжлэх бөгөөд энэ сарын 25-ны өдөр дуусах юм.