Өнөөдөр Олон Улсын сувилагчдын өдөр. Олон Улсын сувилагчдын өдрийг дэлхийд 1965 оноос, манай улсад 1995 оноос эхлэн тэмдэглэсээр ирсэн байна. Энэ өдрийг “ХЭРЭГЛЭГЧДЭД ЭЭЛТЭЙ-СУВИАЛАХУЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байгаа бөгөөд, Монгол Улсын өнцөг булан бүрээс мэргэжил нэгт нөхдөө төлөөлөн ирсэн 300 гаруй сувилагчид цуглан чуулга уулзалт зохион байгуулж байна.
Энэ нь Монгол Улсын Засгийн газраас 2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгон зарласан, мөн яамнаас энэ оны удирдах ажилтны зөвлөгөөнөө “Хэрэглэгчээ дээдэлсэн эрүүл мэндийн салбар” уриан дор зохион байгуулж, салбарын цаашдын зорилтоо тодорхойлсонтой уялдаж байна.
Монгол Улсын Эрүүл мэндийн салбарт 2014 онд улсын болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудад нийт 46057 ажиллагчид ажилласан нь өмнөх онтой харьцуулахад 2.1 хувиар өссөн байна. Нийт ажиллагсадын 20,2 хувийг их эмч, 23.8 хувийг сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжлийн болон бусад ажиллагасд эзэлж байгааг олон улсын түвшинтэй харьцуулахад эмчийн тоо их, сувилагчийн тоо цөөн түвшинд байна. Нэг их эмчид ногдох хүний тоо 2014 онд 318.6 байгаа нь өмнөх оныхоос 6.7 хүнээр, нэг сувилагчид ногдох хүний тоо 270.6 болж, өмнөх оныхоос 14.9 хүнээр тус тус буурсан үзүүлэлттэй байгаа ч цаашдаа бид нэг сувилагчид ногдох үйлчлүүлэгчийн тоог бууруулж ажиллах бодит хэрэгцээ байна хэмээн Шадар сайд Ц.Оюунбаатар нээлтийн үеэр онцоллоо.
Мөн энэ үеэр Сувилахуйн тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, хэтийн төлөв сэдвээр ЭМСЯ-ны мэргэжилтэн С.Алтанбагана илтгэл тавьж хэлэлцүүлснээс гадна сувилахуйн тусламж үйлчилгээг хөнгөвчлөх орчин үеийн тоног төхөөрөмжийн үзэсгэлэн дэлгэгдсэн байлаа.
Энэхүү арга хэмжээнд ЭМСС-ын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, С.Одонтуяа болон бусад албаны хүмүүс оролцож тэдэнд баяр хүргэж шагнал гардууллаа.