Сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн салбарт хийгдэж буй хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж буй боловч шаардлагатай томоохон хөрөнгө оруулалтыг нэг дор шийдвэрлэх боломжгүй юм. Тиймээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаас гадна олон орны буцалтгүй тусламж болон хөнгөлттэй зээлийн хүрээнд томоохон төслүүдийг хэрэгжүүлж, тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт, хүний нөөцийн чадавхи дээшилсээр байгаа билээ. Энэ хүрээнд өнөөдөр Япон улсын төслийн бус буцалтгүй тусламжийн хүрээнд Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд эмнэлгийн тоног төхөөрөмж хүлээн авах ёслол боллоо.
Энэ үеэр Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа “Эх нярайн тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай тоног төхөөрөмжтэй болсноор тусламж үйлчилгээний чанар, хүртээмж сайжирна. Монгол улсын эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтай үзүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж байгаа Япон Улсын Засгийн газар, Японы ард түмэнд Монгол Улсын ард иргэд болон салбарын нийт эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийнхээ нэрийн өмнөөс талархалаа илэрхийлье” гэсэн юм.
Өнгөрсөн онд л гэхэд ЭХЭМҮТ, Нийслэлийн Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газруудын эмнэлгийн тоног төхөөрөмжийг бэхжүүлэх төслийн хүрээнд 28 нэр төрлийн 279 ширхэг 11,8 тэрбум төгрөгийн эх нярайн тоног төхөөрөмжүүд нийлүүлэгдсэн байна.
ü ЭХЭМҮТ –6 нэр төрөл 53 ширхэг – 5,0 тэрбум төгрөг,
ü Өргөө амаржих газар – 6 нэр төрөл 63 ширхэг – 2,3 тэрбум төгрөг,
ü Хүрээ амаржих газар – 15 нэр төрөл 79 ширхэг 1,9 тэрбум төгрөг,
ü Амгалан амаржих газар – 17 нэр төрөл 84 ширхэг 2,2 тэрбум төгрөг
Энэхүү ёслолын ажиллагаанд Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шимизү Такэнори, Япон улсын төслийн бус буцалтгүй тусламжийн асуудлыг хариуцсан Жикс /JICS/ болон тоног төхөөрөмж ханган нийлүүлэгч байгууллагын төлөөлөгчид, ЭХЭМҮТ амаржих газруудын төлөөлөл оролцлоо.
ЭХЭМҮТ-ийн хамт олон Тогтвортой хөгжлийн үндэс суурийг баттай тавьж дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлцгээе” уриаг дэвшүүлэн ажиллаж байна. Шинэ техник технологийг үр дүнтэй ашиглаж, эх хүүхдийн эндэгдлийг бууруулж төр ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж ажиллах болно хэмээн захирал Ш.Энхтөр ёслолын нээлтийн үеэр хэлж байлаа.
Дашрамд мэдээлэхэд Эрүүл мэндийн салбарт улсын төсвийн хөрөнгө оруулалтаас тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалтад 2014 онд 29,3 тэрбум, 2015 онд 8,0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн бол энэ онд 7,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийхээр төлөвлөсөн байна.