Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбад УИХ-ын гишүүн Ж.Батзандан салбартай холбоотой хэд хэдэн санал хүсэлтээ өнөөдөр яаман дээр ирж уламжиллаа. Тэрбээр өөрийн сонгогдсон тойрог болох Баянзүрх, Налайх дүүргүүдэд ажиллах үеэр иргэдийн гаргасан санал, хүсэлтийг үндэслэн яаралтай шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн саналуудаа ийнхүү салбарын сайдад уламжилсан юм.
Түүний хүсэлтэд гадаад улсад зайлшгүй эмчлүүлэх шаардлагатай өвчний жагсаалтанд өөрчлөлт оруулах, улсын төсвөөс гаргаж байгаа зардлын хэмжээг нэмэгдүүлэх, эмийн үнийн өсөлт нэмэгдсэн, харилцан адилгүй өөр өөр үнэтэй байгаа, эрүүл мэндийн даатгалын хуультай холбоотой дүрэм журмыг боловсруулах, Улсын клиникийн хоёрдугаар төв эмнэлгийг тус дүүргийн иргэдэд үйлчилдэг болгох зэрэг багтсан байсан.
Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба “УИХ-ын гишүүн зөвхөн Төрийн ордонд суулгүйгээр тойрогтоо ажиллаж ард иргэдийнхээ санал хүсэлт дээр тулгуурлан эрүүл мэндийн салбарын бодлого, үйл ажиллагаанд анхаарлаа хандуулан хамтран ажиллахаар ирсэнд хүндэтгэлтэй хандаж байна. Гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх өвчний жагсаалтыг энэ оны гуравдугаар сард 119 тоот тушаал гаргаж шинэчлэн баталсан байгаа. Өртөг зардал өндөртэй, нарийн техник технологи шаардлагатай ховор тохиолддог өвчний оношилгоо эмчилгээг өөрийн оронд нутагшуулахаас илүү тухайн өвчний оношилгоо, эмчилгээний технологи хөгжсөн бусад оронд оношлуулж эмчлүүлэх нь зардал бага байдаг. Яамны зүгээс гадаадад өндөр зардал гаргаж эмчилгээ хийлгэхийн оронд аль болох эх орондоо эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авах чиглэл рүү анхаарлаа хандуулан ажиллаж байгаа. Манай улсад өмнө нь хийгдэж байгаагүй хэд хэдэн хагалгааг манай клиникийн эмнэлгүүд амжилттай хийж хэрэгжүүлж эхэлсэн.
Мөн эм, эмийн хэрэгслийн хуулинд өөрчлөлт оруулахаар хуулийн төслийг боловсруулан Засгийн газарт өргөн бариад байгаа. Цаашдаа эмийн ерөнхийлөн худалдан авалтыг нэгдсэн журмаар зохион байгуулж, улсын гэх тодотголтой бүх эмнэлгүүдээр нэг үнээр иргэд үйлчлүүлэгчдэд зарж борлуулах чиглэл рүү ажиллаж байна.
Улсын хоёрдугаар төв эмнэлгийн хувьд иргэдийн дунд зөвхөн дарга нарт үйлчилдэг гэсэн ойлголт байдаг. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавъяатуд, Засгийн газрын болоод УИХ-ын гишүүд болон төрийн өндөр дээд албан хашиж байгаа хүмүүс үйлчлүүлдэг. Баянзүрх дүүргийн хувьд хүн ам олонтой, эрүүл мэндийн нэгдсэн нэг эмнэлэгтэй зэрэг олон шалтгаантай учраас эрүүл мэндийн тусламж үйлчилгээг дүүргийн иргэдэд үзүүлэх чиглэлээр судалж үзнэ гэдгээ уулзалтын үеэр мэдэгдээд, салбартай холбоотой хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох холбогдох хуулийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэн батлах үед дэмжин ажиллана гэдэгт итгэлтэй байна гэдгээ Г.Шийлэгдамба сайд илэрхийллээ.