Эрүүл ахуйн тухай хууль хоёрдугаар сарын 29-нөөс хэрэгжиж эхэлсэн. Энэ хуульд олны анхаарлыг татаж буй, “гудамж талбайд нус, цэр хаях, бие зассан тохиолдолд 20 мянган төгрөгөөр торгоно” гэх заалт бий. Иргэдийн зүгээс хууль хэрэгжсэн ч гудамж дахь хог хаягдал, нус цэр багассан зүйл харагдахгүй хэмээн хэлж буй. Тэгвэл хууль хэрэгжсэн энэ хугацаанд гарсан үр дүн, хэрэгжилтийн талаар Эрүүл мэнд, спортын яамны Орчны эрүүл мэндийн бодлогын хэрэгжилт, зохицуулалт хариуцсан мэргэжилтэн Ш.Уранцэцэгтэй ярилцлаа.
-Эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилт эхэлсэн ч холбогдох дүрэм журам гараагүй юм байна. Хэзээ бэлэн болж, албан ёсоор хэрэгжиж эхлэх вэ?
-Эрүүл ахуйн тухай хууль хоёрдугаар сарын 29-ны өдрөөс эхлэн улс даяар хэрэгжиж эхэлсэн. Одоогоор хуулийг дагаж гарах дүрэм, журмаа хүлээж байна. Дүрэм журам гаргахад оролцох бүх байгууллагад албан бичиг хүргүүлсэн. Одоогоор 20 гаруй дүрэм, журмын жагсаалт гаргаад байна. Хууль дагаж гарах дүрэм, журмын ажил 30 хувьтай үргэлжилж байна. Эхний 7-8 дүрэм, журмын төсөл гарсан. Удахгүй дүрэм журмаа бүгдийг гаргасны дараа тавдугаар сарын 25-26-нд Эрүүл ахуйн судлаачдын улсын зөвлөгөөнийг зохион байгуулна. Энэ зөвлөгөөнөөр хуулийг дагаж гарах дүрэм, журмыг хэлэлцүүлж, санал аваад дараа нь албан ёсоор баталгаажуулах ажил эхэлнэ.
Бидний зүгээс Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, аймаг, дүүргийн Засаг даргад хуультай холбоотой албан бичиг хүргүүлж, эрх үүргийг нь тодорхойлж өгсөн. Засаг дарга нарт аль зүйл заалт чухал вэ, эрх үүрэг нь хэрхэн тусгагдсаныг таниулж байна гэсэн үг. Хоёрдугаарт, хориглох зүйл бүхий заалтуудыг мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгжүүдэд таниулах, хэрэгжилтийг хангах албан тоотыг хүргүүлсэн.
“Гэр хорооллынхон 00-оо шинэчилнэ”
-Хууль хэрэгжээд хэдий ганцхан сар болсон ч гэлээ хэрэгжилт сайн байгаа зүйл заалт бий юу?
-Байгаа. Энэ хуулиар айл өрхүүдийн 00-ын асуудалд хяналт тавина. Энэ хүрээнд “Нүхэн жорлон, угаадасны нүхний стандарт”-ыг шинэчилж, хоёрдугаар сарын 1-нээс улс даяар мөрдөж байна. Өмнөх стандартаар нэг л төрлийн нүхэн жорлон байна гэж заадаг. Тэгвэл хүмүүсийн хэрэглээ өөрчлөгдөж, жорлонгийн хувьд л гэхэд олон хувилбар гарч ирсэн. Тиймээс шинэ стандартад ганцхан нүхэн жорлон бус, хуурайшуулах, бага усаар зайлуулах, био гэх дөрвөн нэр төрлийн жорлонг стандартчилж өгсөн. Энэ хүрээнд дүүрэг, сум, хороодын Засаг дарга нарт журамтай холбоотой мэдээллийг өгсөн.
-Тэгэхээр гэр хорооллын иргэд стандартад нийцэхийн тулд бүгд 00-оо солих шаардлагатай юу?
-Жорлонгоо шууд өнөө маргаашгүй соль гэхгүй. Үе шаттайгаар мөрдүүлнэ. Одоо 00 нь дүүрч байгаа айлууд хуучныгаа булж, халдваргүйжүүлээд стандартад заасан дөрвөн төрлийн нэгээс нь сонгох хэрэгтэй. Одоо хэрэглэж буй 00 нь дүүрэх болоогүй бол дүүртэл нь хүлээж болно. Дараа нь шинэчил гэх шаардлага тавьж байна.
-Уг нь бидний ойлголтоор Эрүүл ахуйн тухай хууль хэрэгжиж эхэлсэн өдрөөс л хяналт тавьж, торгууль оногдуулах байсан. Жишээ нь гудамж талбайд нус, цэрээ хаясан иргэнийг торгоно. Гэтэл хуулийг дагаж гарах дүрэм, журам дутуу гэх шалтгаанаар хууль хэрэгжихгүй байгаа мэт?
-Энэ хугацаанд хууль хэрэгжиж байгаа. Таны хэлсэн, нийтийн эзэмшлийн гудамж талбайд, нус, цэр, агаар бохирдуулах зүйлс хаях, бие засах тохиолдолд торгоно гэх заалтууд хэрэгжээд эхэлсэн.
“Ил задгай машин угаавал торгоно”
-Хуульд хориглосон есөн зүйл бий гэлээ. Ямар ямар хориг заалт байна вэ?
-Нийтийн эзэмшлийн гудамж талбайд нус, шээс, цэр хаях, гэрийн тэжээмэл амьтны ялгадсаар бохирлох, бие засахыг хориглоно. Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй хоёрдогч түүхий эдийг нийтийн эзэмшлийн талбай болон орон сууцны орчимд худалдаалахыг хориглоно. Зохих байгууллагаас зөвшөөрөлгүйгээр ил задгай худалдаа эрхлэхийг хориглоно. Зөвшөөрөлгүйгээр хүнсний болон бусад барааг тээврийн хэрэгслээр тээвэрлэхийг хориглоно. Мөн гудамжид зөвшөөрөлгүйгээр ил задгай угаалга хийх, машины эд анги, тос тосоол худалдаалахыг хориглож байгаа.
Хүн амын эрүүл мэндэд нөлөөлж болзошгүй, агаарын бохирдол ихтэй газарт үйлдвэр үйлчилгээний газар байгуулах бол суурьшлын бүсээс гадна байна. Халдварт болон сүрьеэгийн эмнэлэг хүн амын суурьшлын бүсээс гадна төлөвлөгдөнө гэх мэтчилэн есөн заалт бий.
-Гудамжид нус, цэрээ хаях асуудал Монголын нөхцөлд хэвийн үзэгдэл болсон. Хотын төвд ч, захад ч нус, цэрээ алхам тутамдаа хаядаг. Энэ тохиолдолд яаж, хэн хянах вэ гэх асуулт иргэдийн дунд байсаар байна. Цагдаагийн байгууллагынхан хянаж барах уу?
-Энэ хуулийн өвөрмөц зүйл нь хэрэгжилтэд зөвхөн төрийн байгууллагын хяналтаар хязгаарлагдахгүй. Төрийн байгууллагаас гадна хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах болон төрийн бус байгууллагын эрх үүргийг зааж өгсөн. Хоёрдугаарт, гудамжинд нус, цэрээ хаях асуудлыг цагдаагийн байгууллага торгоно гэж заасан. Тэгэхээр гудамжинд дээрх хориглосон үйлдэл гаргавал түүнийг баримтжуулаад цагдаагийн байгууллагад мэдээлэх хэрэгтэй. Энэ тохиолдолд цагдаагийн байгууллага 20 мянган төгрөгөөр торгоно.
-Эрүүл ахуйн тухай хууль хэрэгжээд сар гаруй хугацаа өнгөрсөн ч гудамжинд нус, цэр багассан зураг харагдахгүй, зөрчсөн иргэдийг торгохгүй байна хэмээн иргэд шүүмжилж байна. Хэрэгжилт яагаад хангалтгүй байна вэ?
-Хангалтгүй байгааг би дүгнэж хэлэх боломжгүй. Хэчнээн хүнийг торгосон, арга хэмжээ авсан бэ гэдэг нь цагдаагийн байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллагад байгаа.
“Орхон аймагт 5000 төгрөгөөр урамшуулж байна”
-Жишээ нь гудамжид явж байгаад нус цэрээ хаяж буй хүнийг харвал би хаана хандаж, мэдээлэл өгөх вэ?
-Хууль зөрчсөн хүнд хариуцлага тооцох гурван албан тушаалтан бий. Нэгдүгээрт, мэргэжлийн хяналтын байгууллага, хоёрдугаарт Засаг дарга нар, гуравдугаарт цагдаагийн байгууллага багтана.
Өөрийн чинь хэлж буй нь энэ хуулийн 20-1-8 дахь заалт. Энд нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд нус, цэр, тамхины иш хаях, гэрийн тэжээмэл амьтны ялгадсаар бохирдуулах, зориулалтын бус газарт бие зассан тохиолдолд цагдаагийн байгууллагад хандана гэсэн заалт бий. Энэ тохиолдолд тухайн иргэн үйлдлийг нь баталгаажуулж зураг аваад цагдаагийн байгууллагад хандана гэсэн үг. Хууль зөрчсөн үйлдлийг нь яаж нотлох, идэвхжүүлэх вэ гэдгийг цагдаагийн байгууллага өөрөө шийдвэрлэнэ.
Албан бус мэдээллээр бол Орхон аймагт энэ заалт маш сайн хэрэгжиж буй талаар сонссон. Нийтийн эдэлбэр газарт нус, цэс хаяж, шээсэн хүнийг баталгаажуулж, цагдаагийн байгууллагад мэдээлбэл 5000 төгрөгөөр урамшуулж эхэлсэн гэсэн. Цагдаагийн байгууллага хууль зөрчсөн иргэнийг 20 мянган төгрөгөөр торгоод, тэр мөнгөний таван мянгыг нь баримтжуулж, илчилсэн хүнийг урамшуулж байх жишээтэй. Мөн яг энэ заалтыг хэсэгчлэн авч хэрэгжүүлэх санаачилгыг Өвөрхангай аймгийнхан гаргаж байгаа юм билээ.
Өмнө нь Ариун цэврийн тухай хуульд зөрчлүүдэд 5-250 мянган төгрөгөөр торгодог байсан. Дээрээс нь үйл ажиллагааг зогсоох, зөвшөөрлийг хүчингүй болгох асуудал бий. Тэгвэл шинэ хуулиар доод тал нь 50 мянга, дээд тал нь гурван сая төгрөг болж нэмэгдсэн. Ингэснээр хариуцлага өндөрсөнө гэсэн үг.
-Хууль зөрчиж буй иргэдэд хяналт тавих субъектын нэг нь бар, хорооны идэвхтэн гэж хуульд заасан байна. Идэвхтэн иргэнийг яаж сонгосон бэ?
-Сум, баг, дүүрэг, хорооны Засаг даргын сонголтоор хяналт тавих иргэнийг тодорхойлж байгаа. Тухайн Засаг дарга эрүүл мэндийн идэвхтэн гэж хэдэн хүнийг, хэрхэн сонгох вэ гэдгээ тодорхойлно.
-Одоо томилчихсон уу?
-Баг, хороо бүр тийм хүнтэй. Жишээ нь Бат гуравдугаар хорооны багийн дарга гэж бодъё. Гуравдугаар хорооны 2000 хүнээс сайн дурын идэвхтэнг сонгосон. Тэр хүнээр дамжуулаад хуулийн сурталчилгаа, хяналтыг хийнэ гэсэн үг.
-Улсын хэмжээнд хэчнээн сайн дурын идэвхтэн байгаа бол?
-Бид хуулийн сурталчилгаатай холбоотойгоор 2015 онд нийслэлийн 150 хорооны 180 орчим хүнд хуулийн танилцуулга хийж байсан.
“Орон сууцад үйлчилгээ эрхлэх бол дүгнэлт гаргуулна”
-Хуульд оруулсан бас нэгэн содон зүйл байсан. Орон сууцны нэг давхарт, ямар нэг үйлчилгээ эрхлэх бол заавал эрүүл ахуйн дүгнэлт шаардана гэж байсан?
-Тийм. Хүн амын суурьшлын бүсийг төлөвлөхөөс эхлээд барилга байгууламж ашиглалтад оруулах, хүлээж авах, өргөтгөх, засварлах, зориулалт өөрчлөхөд хүртэл эрүүл ахуйн дүгнэлт гаргуулна. Байшингийн нэг давхрыг цөмлөөд эмийн сан, эмнэлэг, дэлгүүр хоршоо барина гэдэг зориулалтыг нь өөрчилсөн гэсэн үг. Анхнаасаа орон сууцны зориулалтаар баригдсан ч үйлдвэр, үйлчилгээ болж байна. Тэгвэл ингэж болох, үгүйд эрүүл ахуйн дүгнэлт шаардана гэсэн үг. Эрүүл ахуйн дүгнэлтээр болохгүй гэвэл үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар ашиглахгүй.