Франц Улсын “Санте Сюд” ТББ-аас манай улсын эрүүл мэнд, нийгмийн чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлж эхэлснээс хойш 20 жил болж, уг арга хэмжээнд БНФУ-аас Монгол Улсад Суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд хатагтай Элизабет Барсак, Соёл Хамтын Ажиллагааны зөвлөх Жан-Флоран Филтц Санте Сюд ТББ-ын захирал Николь Хансэн, ЭМСЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д. Оюунчимэг болон бусад албаны хүмүүс иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцлоо.
Энэ үеэр 2009 оноос хойш Архангай аймагт хоёр үе шаттай хэрэгжүүлсэн “Архангай аймагт эсэн мэнд амаржихуй” төслийн үр дүн, мөн 2018 он хүртэл тус аймгийн Хашаат, Чулуут сумын ЭМТ-д хэрэгжих “Эрүүл мэнд ба Хоол тэжээл” төсөл, үндэсний хэмжээнд бодлогын баримт бичгийг боловсронгуй болгоход чиглэсэн “Эх баригчийн мэргэжил, ур чадварыг бэхжүүлэх” төслийг тус тус танилцуулав.
Архангай аймагт " Эсэн мэнд амаржихуй” төслийг Монакогийн Гадаад Хамтын Ажиллагааны Газар, Санофи Эспуар сан хамтран санхүүжүүлсэн бөгөөд төслийн үр дүнд эх хүүхдийн өвчлөл, эндэгдлийн үзүүлэлт улс аймгийн дунджаас доогуур болж, тусламж үйлчилгээний чанар хүртээмж сайжирсан дүн гарсныг аймгийн ЭМГ-ын дарга Р. Гандиймаа энэ үеэр мэдээллээ.
Уг төсөл нь 2013 онд батлагдсан эрүүл мэндийн байгууллагын хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад ихээхэн түлхэц болсон байна. Эрүүл мэнд ба Хоол тэжээл төслийг сумын ЭМТ-д хэрэгжүүлснээр хүлэмжийн аж ахуй эрхлэн хүнсний нарийн ногоог өргөн хэрэглэх, нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагааг сайжруулах, цаашлаад салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэнд дэмжлэг үзүүлнэ. Төслийг Санте Сюд ТББ, ЖЭРЭС ТББ-ууд орон нутгийн ЭМГ, ХХААГ-тай хамтран хэрэгжүүлэх бөгөөд Монакогийн Гадаад Хамтын Ажиллагааны Газраас санхүүжүүлсэн байна.
Эх баригчийн мэргэжил, ур чадварыг бэхжүүлэх төслийн зорилго нь эх баригчийн ажлын өнөөгийн нөхцөл байдлын судалгаа хийж, төгсөлтийн өмнөх болон дараах сургалтын хөтөлбөр, бусад эрх зүйн баримт бичигт шаардлагатай нэмэлт өөрчлөлт оруулах, улмаар эх хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээг сайжруулахад төрийн болон төрийн бус, ОУБ-ын олон талт хамтын ажиллагааг нягт уялдаатай хөгжүүлэхэд оршино.
НҮБ-ын Хүн амын сан төслийн үйл ажиллагааг дэмжин оролцох бөгөөд суурь судалгааг эх баригч бага эмч нарын нийгэмлэг, эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын нийгэмлэг, АШУҮИС-ийн Сувилахуйн Сургууль хамтран хийх юм. Уг төслийг Францын Санофи Эспуар сан санхүүжүүлсэн байна. Цаашид яаралтай тусламжийг зохицуулалттай, цогц тогтолцоо бий болгох, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог хангах чиглэлээр хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлага байгаа талаар оролцогчид онцгойлон дурдлаа.
Тус байгууллага нь Өвөрхангай аймгийн нэгдсэн эмнэлэг, Төв аймгийн Батсүмбэрийн Асрамжийн газар, Сэлэнгэ аймгийн бүх шатны эмнэлгүүдэд өмнө нь ажмилттай төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн туршлагтай аж. БНФУ-ын Элчин сайдын яам, Франц Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн танхимын дэмжлэгтэйгээр ЭМСЯ, Санте Сюд францын ТББ хамтран яаралтай тусламжийн чиглэлээр үйл алжиллагаа явуулдаг төр, төрийн бус байгууллагууд, мөн хувийн хэвшлийн зарим компаниудыг урьж Яаралтай тусламжийн тулгамдсан асуудлуудаар хамтдаа тунгаах ажил хэрэгч уулзалтыг энэ сарын 7-ны өдөр зохион байгуулсан байна.