Улсын хэмжээнд 2015 оны жилийн эцсийн байдлаар 80875 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 840 хүүхдээр буюу 1.0 хувиар буурчээ. Амьд төрсөн хүүхдийн 41550 (51.4%) нь хүү, 39325(48.6%) нь охин байна. 2015 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1476 тохиолдол бүртгэгдэж, амьд төрсөн 1000 хүүхдэд 18.3 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 29 эндэгдлээр буурсан үзүүлэлттэй байна.
1000 амьд төрөлтөд ногдох тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл Баян- Өлгий (31.4), Завхан (28.2), Хөвсгөл (27.5), Ховд (23.3), Увс (23.4), Булган (19.2), Сүхбаатар (22.9), Өмнөговь (19.9), Хэнтий (18.4) аймгуудад улсын дундаж үзүүлэлтээс өндөр байга аж. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг шалтгаанаар нь авч үзвэл төрөх тойрны эмгэгүүд, осол гэмтэл, амьсгалын тогтолцооны эмгэгүүд, төрөлхийн гаж хөгжил, мэдрэлийн тогтолцооны эмгэгүүд тэргүүлэх шалтгаан болж байгааг мэргэжилтнүүд өнөөдөр болсон ЭМСЯ-ны Удирдлагын зөвлөлийн хурлын үеэр мэдээллээ.
Нялхсын эндэгдэл:
2015 оны жилийн эцсийн байдлаар нялхсын эндэгдлийн 1234 тохиолдол бүртгэгдэж, амьд төрсөн 1000 хүүхдэд 15.3 ногдож байгаа ба өнгөрсөн онтой харьцуулахад адил түвшинд байна. Нялхсын эндэгдлийн 66.5 хувийг нярайн эндэгдэл эзэлж байгаа бөгөөд 1000 амьд төрөлтөд ногдох нярайн эндэгдэл 10.2 байна. Нярайн эндэгдлийн нийт 821 тохиолдол бүртгэгдсэнээс эрт үеийн нярай 627 буюу 76.4%, хожуу үеийн нярай 194 буюу 23.6 %-ийг тус тус эзэлж байна.
1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл Завхан (25.8) Баян-Өлгий (24.9), Хөвсгөл (22.4), Увс (20.4), Ховд (20.8), Булган (17.2), Сүхбаатар (18.6), Хэнтий (17.1), Өмнөговь (16.6) аймгуудад улсын дундаж үзүүлэлтээс өндөр байна. Нялхсын эндэгдлийг шалтгаанаар нь авч үзвэл төрөх тойрны эмгэгүүд, төрөлхийн гаж хөгжил, амьсгалын тогтолцооны эмгэг, мэдрэлийн тогтолцооны эмгэг тэргүүлэх шалтгаан болж байна.
Нярайн эндэгдэл:
Нярайн эндэгдлийн нийт 821 тохиолдол бүртгэгдсэнээс эрт үеийн нярай 627 буюу 76.4%, хожуу үеийн нярай 194 буюу 23.6 %-ийг тус тус эзэлж байгаа нь өмнөх онуудтай харьцуулахад эрт нярайн эндэгдэл буурсан үзүүлэлттэй байна. Монгол Улсын “Эх, нярайн эрүүл мэнд 2011-2015” үндэсний стратеги”-д нярайн эрт үеийн эндэгдлийн түвшинг 10.0 хүргэх зорилт тавьсан бөгөөд 2015 онд нярайн эрт үеийн эндэгдлийн түвшин 7.8 болж зорилтот түвшинд хүрсэн. Энэ нь 2014 оноос эхэлж хэрэгжүүлсэн “Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж” хөтөлбөрийн үр дүн гэж хэлж болох юм Нярайн эндэгдэл Өвөрхангай, Орхон, Хөвсгөл, Баян-Өлгий, Сүхбаатар, Увс, Дорноговь аймгууд улсын түвшингээс өндөр байгаа бөгөөд, эндэгдлийн тэргүүлэх шалтгаанд амьсгалын гачаал, тархины хүчилтөрөгчийн дутмагшил, төрөлхийн гаж хөгжил, төрөх үеийн бүтэлт, эх доторхи халдвар орж байна.
Хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулах чиглэлээр бодлогын түвшинд “Мянганы хөгжлийн зорилтын хүрээнд Хүүхдийн эсэн мэнд амьдрахуй” улсын зөвлөгөөнийг зохион байгуулж, хүүхдийн өвчлөл эндэгдлийг бууруулах зөвлөмж гарган хэрэгжилтийг хянаж ажиллав. Мөн “Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж хөтөлбөр хэрэгжилтийг Нийслэл, Хөвсгөл аймгуудад үнэлэн, бусад 20 аймагт эхлүүлсэн байна.
Мөн эх, хүүхдийн хүүхдийн эндэгдэл хамгийн өндөр баруун бүсийн зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж, тухайн аймгуудын сүүлийн 5 жилийн хүүхдийн болон эхийн эндэгдлийн өвчний түүхэнд үнэлгээ хийж ЭМГ-дад албан даалгавар өгч, хэрэгжилтэнд хяналт тавьж ажилласан нь үр дүнгээ өгчээ.
Үүний үр дүнд Монгол улс 5 хүртлэх насны хүүхдийн эндэгдлийг дөрөв дахин бууруулах Мянганы хөгжлийн зорилтоо бүрэн хэрэгжүүлсэн ба 2015 онд нярайн эрт үеийн эндэгдлийн түвшин 7.8, перинатал эндэгдлийн түвшин 14.6 байгаа нь Монгол улсын “Эх, нярайн эрүүл мэнд 2011-2015” үндэсний стратегийн зорилтот түвшинд хүрсэн байна. Гэсэн хэдий ч тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 80-с дээш хувийг нялхсын эндэгдэл, түүнээс 60 орчим хувийг нярайн эндэгдэл эзэлж байгаа нь тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг бууруулахын тулд нялхсын болон нярайн эндэгдлийг бууруулахыг улсын хэмжээнд үргэлжлүүлэн хэрэгжүүлэх нь зүйтэй хэмээн өнөөдрийн хуралдаанаар мэргэжилтнүүд санал нэгдлээ.
Яамны Удирдлагын зөвлөлийн энэ удаагийн хуралдаанаар Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа доорх шийдвэрийг гаргалаа. Үүнд:
- Хүүхдийн эндэгдэл тогтвортой өндөр байгаа Баян-Өлгий, Хөвсгөл, Завхан аймгуудад хүүхдийн мэргэжлийн баг томилон ажиллуулж, шаардлагатай дэмжлэг үзүүлэх,
- Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээний багцыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах,
- Хүүхдийн эндэгдэл, ноцтой хүндрэл, түүний шалтгаан, авсан арга хэмжээнд улирал бүр дүгнэлт хийн мэдээлэх, сэргийлж болох шалтгаанаар гарсан хүүхдийн эндэгдэлийг бууруулах чиглэлээр оновчтой арга хэмжээ авч хэрэгжүүлэх, сургалт, сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх.
- Эрүүл мэндийн газрын дэргэдэх Хүүхдийн эндэгдлийг магадлан хэлэлцэх комиссын үйл ажиллагааг чанаржуулан, хүүхдийн эндэгдэл, ноцтой хүндрэлүүдийг сар бүр хэлэлцэж, сэргийлж болох шалтгаанаар хүүхэд эндсэн тохиолдол бүрийг магадлан, эндэгдлээс сэргийлэх тохиолдолд суурилсан ажлуудыг зохион байгуулах,
- Сумдын түвшинд нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээний багцыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах
- Жирэмсэний хяналтын чанарыг сайжруулах, ялангуяа эрхтэн тогтолцооны эмгэгтэй эхэд тавих хяналт, эрүүлжүүлэлт, тэдэнд олгох нөхөн үржихүйн болон эрүүл мэндийн боловсрол олгох ажлыг эрчимжүүлэх
- Хүүхдийн болон эх барих эмэгтэйчүүд, өрх, сумын эмч, мэргэжилтнүүдийн хариуцлага, мэдлэг, ур чадварыг сайжруулах гэх мэт.