Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ 1-110

A- A A+

Э.БАТШУГАР:АШУҮИС-ИЙН НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН СУРГУУЛИЙН ТҮҮХТ 70 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ


Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн түүхт 70 жилийн ойн баярын үйл ажиллагаа боллоо.Ойн баярын үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Э.Батшугар оролцож, үе үеийн эрдэмтэн багш, судлаач, ажилтан, төгсөгчид, оюутан залууст баярын мэндчилгээ дэвшүүллээ. Тэрээр мэндчилгээндээ 1956 онд Эрүүл ахуйн тэнхим нэртэйгээр байгуулагдсан тус сургууль өнөөдөр сургалт, судалгаа, мэргэжлийн хүний нөөцийн чухал төв болон хөгжсөнийг онцлоод, өнгөрсөн 70 жилийн түүх бол Монгол хүний эрүүл мэндийг хамгаалах үйлсэд мэдлэг, чадвар, хөдөлмөр зүтгэлээ зориулсан олон үеийн хүмүүсийн бүтээсэн түүх гэдгийг онцоллоо.Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр бэлтгэгдсэн олон мянган мэргэжилтэн өнөөдөр улс орны өнцөг булан бүрд ажиллаж, өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх, хүн амын эрүүл мэндийг хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулж байна.

 Э.Батшугар нийгмийн эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй хүн амын насжилт, халдварт бус өвчний өсөлт, уур амьсгалын өөрчлөлт, хотжилт, орчны бохирдол, хүнс, усны аюулгүй байдал зэрэг сорилтыг шийдвэрлэхэд урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэх шаардлагатайг онцоллоо. Мөн Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилт, Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төвийн байгуулалт, аймаг, дүүргийн Нийгмийн эрүүл мэндийн төвүүдийн бүтэц, зохион байгуулалтын шинэчлэл нь урьдчилан сэргийлэх тусламж, үйлчилгээг иргэн бүрд хүргэх тогтолцооны чухал суурь болж байгааг дурдав.

Цаашид Эрүүл мэндийн яам Нийгмийн эрүүл мэндийн сургууль болон эрдэм шинжилгээ, мэргэжлийн байгууллагуудтай дараах дөрвөн чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр зорьж байна.
Үүнд:
• Хүний нөөцийн хөгжил: Өнөөгийн болон ирээдүйн хэрэгцээнд нийцсэн, ёс зүйтэй, манлайлах чадвартай, судалгаа, нотолгоонд тулгуурлан шийдвэр гаргах мэргэжилтэн бэлтгэх;
• Судалгааны үр дүнг бодлогод ашиглах: Эрдэмтэн, судлаачдын судалгааг үндэсний болон орон нутгийн бодлого, хөтөлбөр боловсруулах, хэрэгжилтийг үнэлэхэд ашиглах;
• Байгууллагуудын чадавх, хамтын ажиллагааг бэхжүүлэх: Өвчний тандалт, эрт илрүүлэг, эрсдэлийн үнэлгээ, лабораторийн оношилгоо, нийгмийн эрүүл мэндийн онцгой үеийн бэлэн байдлыг сайжруулах;
• Урьдчилан сэргийлэх ажилд хүн бүрийн оролцоог нэмэгдүүлэх: Иргэн, гэр бүл, сургууль, ажлын байр, төр, хувийн хэвшлийн хамтын оролцоог дэмжих.

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар :Та бүхний бэлтгэсэн нэг сайн мэргэжилтэн олон хүний амьдралд эерэг өөрчлөлт авчирдаг. Та бүхний хийсэн нэг чанартай судалгаа олон хүнийг эрсдэлээс хамгаалах шийдвэрийн үндэс болдог. Тиймээс энэ сургуулийн ирээдүйн хөгжил ,Монгол Улсын нийгмийн эрүүл мэндийн ирээдүйтэй салшгүй холбоотой” хэмээн онцоллоо.


Түүхт 70 жилийн хугацаанд сургуулийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан үе үеийн удирдлага, ахмад багш, эрдэмтэн профессор, судлаач, ажилтан, төгсөгчдөд талархал илэрхийлж, эрдмийн үйлсэд нь өндөр амжилт хүслээ.

Холбоотой мэдээ, мэдээлэл