Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ 1-110

A- A A+

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 26 ДУГААР ХОРООНЫ “ЭХЭН БОСГО” ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ ШИНЭ БАЙРТАЙ БОЛЛОО


Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны 18 мянга орчим иргэнд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх жишиг өрхийн эрүүл мэндийн төвийн шинэ байр ашиглалтад орлоо. Азийн хөгжлийн банк, Эрүүл мэндийн яамнаас хамтран хэрэгжүүлж буй “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн хүрээнд баригдсан тус төвийн нээлтийн үйл ажиллагаанд Эрүүл мэндийн сайд Э.Батшугар оролцож, эмч, эмнэлгийн ажилтнууд болон иргэдэд баяр хүргэлээ.

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: Анхан шатны тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх нь салбарын шинэчлэлийн чухал зорилт болохыг онцолж, “Хүүхэд нь халуурсан ээж, даралтаа хянуулах шаардлагатай ахмад настан, жирэмсний хяналтад орох гэж буй эхэд хамгийн түрүүнд хэрэгтэй зүйл бол ойрхон, найдвартай эмнэлэг. Очиход нь сонсдог, өвчнийх нь түүхийг мэддэг, хэрэгтэй тусламжийг нь цаг алдалгүй үзүүлдэг эмч, сувилагч юм. Өрхийн эрүүл мэндийн төв ийм л газар байх ёстой” хэмээн тэмдэглэлээ.

АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН САНХҮҮЖИЛТ, ХҮНИЙ НӨӨЦИЙН БОДЛОГЫГ ШИНЭЧИЛНЭ
Эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд өрхийн эрүүл мэндийн төвүүдийн санхүүжилт, хүний нөөцийн нөхцөлийг сайжруулахад онцгой анхаарч байна. Тухайлбал, нэг иргэнээр тооцох санхүүжилтийг 12 хувиар нэмэгдүүлж, 1,500 хүн ам тутамд нэг эмч, нэг сувилагч ажиллуулах, харьяа иргэдээ бүрэн бүртгэсэн төвийн санхүүжилтийг 15 хүртэл хувиар нэмэгдүүлэхээр болсон. Мөн 2027 оны гуравдугаар сарын 1-нээс санхүүжилтийг бүртгэлтэй иргэдийн тоонд үндэслэн олгох зохицуулалтад шилжинэ. Ингэснээр өрхийн эрүүл мэндийн төвүүдэд чадварлаг эмч, сувилагч тогтвортой ажиллах, иргэддээ хүрч үйлчлэх боломж нэмэгдэхийн зэрэгцээ анхан шатны тусламжийн чанар, хүртээмж сайжрах юм. Мөн хүүхдийн томуу, суулгалтын өдрийн эмчилгээний санхүүжилтийг хоёр дахин нэмэгдүүлж, өвчлөлийн дэгдэлтийн үед үзүүлсэн тусламж, үйлчилгээний хэмжээгээр санхүүжүүлэхээр шийдвэрлэжээ. Энэ нь эмчийн үнэлгээгээр өдрийн эмчилгээ хийх боломжтой хүүхдүүдийг гэрийнх нь ойролцоо эмчлэх, эцэг эхчүүдийн цаг хугацаа, зардлыг хэмнэхэд дэмжлэг үзүүлнэ.


ӨВЧЛӨЛИЙГ ХҮНДРЭХЭЭС ӨМНӨ ИЛРҮҮЛЖ, ИРГЭН БҮРД ХҮРЧ ҮЙЛЧИЛНЭ
Өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг зөвхөн өвдсөн иргэнд тусламж үзүүлэх хүрээнд бус, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг эрт илрүүлэх, архаг өвчтэй иргэдийг тогтмол хянах чиглэлээр хөгжүүлэхээр зорьж байна. Энэ талаар Эрүүл мэндийн сайд Э.Батшугар “Бидний зорьж буй үйлчилгээ бол иргэнийг өвдөөд ирэхийг нь хүлээдэггүй үйлчилгээ юм. Архаг өвчтэй хүнээ хяналтад байлгаж, ахмад настнаа эргэж, хүүхэд, жирэмсэн эхчүүдээ товлолт үзлэгт нь хамруулж, шаардлагатай үед гэрээр нь очиж тусалдаг байхыг зорьж байна” гэв.

Тус төв ашиглалтад орсноор Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны иргэд анхан шатны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг гэрийнхээ ойролцоо, илүү тав тухтай орчинд авах боломж бүрдэж байна. Энэхүү бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан Азийн хөгжлийн банк, төслийн баг, нийслэл, дүүрэг, хорооны удирдлагууд болон хамтран ажилласан байгууллагуудад талархал илэрхийлье.

Холбоотой мэдээ, мэдээлэл