Энэ жилийн хувьд манай улсын олон аймаг, сумдад өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч, 18 аймгийн 98 сум цагаан зудтай, нийт 20 аймгийн 111 суманд цагаанаар зудархуу нөхцөл байдал үүссэн билээ. Эдгээр цас ихтэй орон нутагт эрүүл мэндийн хувьд эрсдэл ихтэй 5 хүртэлх насны 200 мянга гаруй хүүхэд амьдарч байгаа бөгөөд хүнсний хангамж муу нөхцөлд өрхийн хамгийн эмзэг бүлэг болох жирэмсэн, хөхүүл эмэгтэй, бага насны хүүхэд илүү мэдрэг байж, хоол тэжээл, аминдэм эрдсийн дуталд өртдөг.
Өнөөдрийн байдлаар манай улсын 5 хүртэлх насны хүүхдийн 10.8 хувь нь хоол тэжээлийн архаг дутал буюу өсөлтийн хоцролтой байна. Энэ үзүүлэлт баруун бүсэд 19.5 хувь зүүн бүсэд 13.5 хувь, хангайн бүсэд 12.3 хувьтай байна. Түүнчлэн, манйа улсын тав хүртэлх насны хүүхдийн 32 хувь нь А аминдэмийн, 22 хувь нь Д аминдэмийн дуталтай, 28.5 хувь нь цус багадалттай байна. Жирэмсэн эмэгтэйчүүдийн 26.5 хувь нь цус багадалттай байгаа нь аминдэм, эрдсийн дутал манай улсад нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болохыг баталж байна.
Эрүүл мэнд, спортын яам, НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтран хаваржилт хүндэрсэн Архангай, Баянхонгор, Завхан, Дундговь, Сүхбаатар, Увс аймгийн 45 сумдад амьдарч байгаа 6-59 сартай хүүхдүүд болон жирэмсэн, хөхүүл эхэд зориулсан олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлийг хүргүүлж байна. Энэхүү бэлдмэл нь 10 төрлийн амин дэм, 5 төрлийн эрдэс бодис агуулсан байдаг бөгөөд хоол тэжээлийн дуталд орохоос урьдчилан сэргийлнэ. Түүнчлэн дээрх сумдын өрхүүдэд хоол тэжээлийн хурц дутал илрүүлэх үзлэг явуулж, 2-оос доош настай хүүхэдтэй эцэг эх болох жирэмсэн, хөхүүл эхтэй айл өрхүүдэд хоол тэжээлийн зөвлөгөө өгөх юм.
НЭМХ-нд "Нялх, бага насны хүүхдийн хооллолтыг гамшгийн үеийн арга хэмжээтэй уялдуулах нь" сэдэвт 3 өдрийн сургалт эхэллээ. Тус сургалтад зудтай аймаг, сумдын эрүүл мэндийн анхан шатны байгууллагын эмч, мэргэжилтнүүд оролцож байгаа бөгөөд тэд сургагч багшаар бэлтгэгдэж, гамшгийн үед хоол тэжээлийн байдалд үнэлгээ хийх арга зүйд суралцах юм.
Гамшиг, онцгой байдал болон зудын үед хоол тэжээлийн дуталд нялх, бага насны хүүхэд, жирэмсэн болон хөхүүл эхчүүд өртөх магадлал өндөр байдаг. Иймд НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүү, техникийн дэмжлэгтэйгээр Архангай, Баянхонгор, Дундговь, Завхан, Сүхбаатар, Увс аймгийн 45 сумын 6-59 сартай хүүхдийн хоол тэжээлийн байдалд үнэлгээ хийх, жирэмсэн, хөхүүл эхчүүд болон 5 хүртэлх насны хүүхдийн олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэлээр хангаж, үр дүнд хяналт тавих ажлын хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.