“Өрхийн түвшинд нүүрсний хэрэглээнээс үе шаттай татгалзах арга зам” үндэсний форумын хүрээнд “Эрүүл мэндийн төлөөх цэвэр эрчим хүч” хамтарсан уриалгад төрийн байгууллага, олон улсын байгууллага, хөгжлийн түншүүдийн төлөөлөл гарын үсэг зурлаа.Уриалгад Монгол Улсын иргэдийн эрүүл мэнд, сайн сайхан байдлыг хамгаалах, өрхийн түвшинд цэвэр эрчим хүчний хэрэглээнд шилжих үйл явцыг эрчимжүүлэх нийтлэг зорилго, үүрэг хариуцлагаа бататган илэрхийлэв.
Хамтарсан уриалгаар дараах тэргүүлэх чиглэлээр ажиллахаар нэгдлээ. Үүнд:
• Үндэсний нэгдсэн бодлого: 2027–2040 онд өрхийн нүүрсний хэрэглээнээс үе шаттай татгалзах замын зураглал боловсруулж, хэрэгжүүлэх.
• Нотолгоонд суурилсан шийдэл: Судалгаа, мониторингийн мэдээлэл, хэрэгжилтийн үр дүнд үндэслэн бодлого, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах.
• Орон нутгийн онцлогт нийцсэн шилжилт: Хот, гэр хороолол, аймаг, сум, хөдөөгийн суурин газрын нөхцөлд тохирсон цэвэр эрчим хүч, орон сууц, дэд бүтцийн шийдлийг хэрэгжүүлэх.
• Хүртээмжтэй, шударга шилжилт: Цэвэр эрчим хүчний хэрэглээг өрхүүдэд боломжийн өртгөөр хүртээмжтэй болгох, эрчим хүчний ядууралд өртсөн болон эрүүл мэндийн хувьд эмзэг бүлгийг хамгаалах.
• Олон нийтийн оролцоо: Иргэдэд мэдээлэл, зөвлөмж хүргэх, өрхийн дотоод орчны агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх.
Энэхүү шилжилтийг хэрэгжүүлэхэд салбар, байгууллага бүр өөрийн чиг үүргийн хүрээнд манлайлан ажиллана. Эрүүл мэндийн яам эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн нотолгоог бэхжүүлэх, эмзэг бүлгийн хүн амыг хамгаалах, эрүүл мэндийн үр нөлөөний хяналт-шинжилгээг дэмжих бол Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам агаарын чанар, орчны мониторингийг бэхжүүлнэ.тЭрчим хүчний яам өрхийн цэвэр эрчим хүчний найдвартай, аюулгүй, боломжийн өртөгтэй хүртээмжийг нэмэгдүүлэх, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам эрчим хүчний хэмнэлттэй, эрүүл орон сууцны бодлогыг дэмжинэ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Улаанбаатар хотын хэрэгжилтийг манлайлан зохион байгуулах юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын Хүүхдийн Сан болон хөгжлийн түншүүд техникийн дэмжлэг үзүүлэх, нотолгоо бүрдүүлэх, үр дүнтэй шийдлийг өргөжүүлэх, замын зураглалын хэрэгжилтийг дэмжин ажиллана.
.jpg)
Өрхийн түвшинд нүүрсний хэрэглээнээс үе шаттай татгалзах нь зөвхөн агаарын бохирдлыг бууруулах асуудал биш. Энэ бол хүн амын эрүүл мэндийг хамгаалах, эрчим хүчний хүртээмжийг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, ирээдүй хойч үедээ эрүүл, аюулгүй орчин өвлүүлэх бүх салбарын хамтын зорилт юм.







