Өрхийн түвшинд нүүрсний хэрэглээнээс үе шаттай татгалзаж, цэвэр, аюулгүй, найдвартай, өртөг багатай эрчим хүчний хэрэглээнд шилжих зорилгоор төрийн байгууллагууд бодлого, үйл ажиллагаагаа уялдуулан хамтран ажиллаж байна.Энэ хүрээнд “Өрхийн түвшинд нүүрсний хэрэглээнээс үе шаттай татгалзах арга зам” үндэсний форумыг Эрүүл мэндийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Эрчим хүчний яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна.
Форумд оролцогчид өрхийн цэвэр эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх, нүүрсний хэрэглээг үе шаттай бууруулах, салбар хоорондын бодлого, хөрөнгө оруулалт, хэрэгжилтийн уялдааг хангах асуудлыг хэлэлцэж, “Эрүүл мэндийн төлөөх цэвэр эрчим хүчний үйл ажиллагаанд уриалах уриалга”-д нэгдэв. Мөн Монгол Улсад өрхийн хэрэглээнд нүүрс хэрэглэхээс үе шаттайгаар татгалзах 2027–2040 оны замын зураглалыг боловсруулах ажлыг эхлүүллээ.


ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР: АГААРЫН БОХИРДЛООС ҮҮДЭЛТЭЙ ӨВЧЛӨЛ, НАС БАРАЛТЫГ БУУРУУЛАХАД АНХААРНА
Агаарын бохирдол нь зөвхөн байгаль орчны асуудал бус, хүн амын эрүүл мэндэд шууд нөлөөлдөг нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал юм. ДЭМБ-ын 2026 оны тооцооллоор Монгол Улсад гадаад болон өрхийн дотоод орчны агаарын бохирдлын хавсарсан нөлөөлөл 2,895 нас баралтын тохиолдолд нөлөөлжээ.
Иймд Эрүүл мэндийн сайд Э.Батшугар өрхийн цэвэр эрчим хүчний хэрэглээнд шилжих бодлогыг хүн амын эрүүл мэндийг хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чухал арга хэмжээ гэдгийг онцоллоо. Монгол Улс өмнө хэрэгжүүлсэн түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах, цахилгаан болон хийн халаалтын шийдэл нэвтрүүлэх, орон сууцны дулаалгыг сайжруулах зэрэг бодлого, арга хэмжээнд тулгуурлан цэвэр эрчим хүчний шилжилтийг дараагийн шатанд ахиулах шаардлагатайг тэмдэглэв.БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН САЛБАР: ДОЛООН ЗОРИЛТ, 64 АЖЛААР АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛНА

Агаарын бохирдлыг бууруулах асуудлыг зөвхөн түлш солих, яндангийн тоог цөөлөх хүрээнд авч үзэж болохгүй. Үүнийг хот төлөвлөлт, эрчим хүч, дэд бүтэц, тээвэр, барилгын дулаан алдагдал зэрэг олон салбарын бодлоготой уялдуулан шийдвэрлэх шаардлагатай байна. Засгийн газраас 2025–2026 онд агаарын бохирдлыг 30 орчим хувиар бууруулж, 2040 он гэхэд нийслэл хотод хатуу түлшний хэрэглээнээс бүрэн татгалзах зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд Агаарын бохирдлыг бууруулах 2026–2030 оны таван жилийн төлөвлөгөөний төслийг 15 яам, холбогдох байгууллагатай хамтран боловсруулж, 64 ажил хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Бодлогын дараагийн томоохон шилжилт бол дулаан хангамжийн эх үүсвэрийг төрөлжүүлж, айл өрх, сургууль, цэцэрлэг, аж ахуйн нэгжүүдийг цахилгаан болон хийн халаалтад үе шаттай шилжүүлэх явдал юм. Мөн Багануурын уурхайг түшиглэн хагас коксын үйлдвэр байгуулж, нийслэлээс гадна аймгуудын хот, суурин газрын түлшний хэрэглээнд шинэчлэл хийхээр зорьж байна.Үүний зэрэгцээ сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл, цахилгаан тээвэр, эрчим хүчний хэмнэлтийг дэмжиж, ногоон санхүүжилтийн тогтолцоог өргөжүүлэх шаардлагатай. Агаарын бохирдлыг бууруулах хөрөнгө оруулалтыг зөвхөн улсын төсвөөс хамааралтай байлгахгүйгээр хувийн хэвшил, олон улсын санхүүжилт, карбон зах зээлийн боломжийг ашиглах нь чухал.
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР: ХИЙН ХАЛААЛТЫН ТЕХНОЛОГИ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ДЭМЖИНЭ
Өрхийн болон бусад хэрэглэгчдийн халаалтын хэрэгцээнд байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт технологи нэвтрүүлэх чиглэлээр ажиллаж байна. Эрчим хүчний сайдын 2025 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн А/253 дугаар тушаалаар баталсан зохицуулалтын хүрээнд хийн түлшээр дулааны эрчим хүч үйлдвэрлэж буй шаардлага хангасан аж ахуйн нэгжүүд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт эдлэх боломж бүрджээ.
Энэхүү зохицуулалт нь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжих, хийн халаалтын технологийн хэрэглээг нэмэгдүүлэх, түүхий нүүрсний хэрэглээг бууруулахад чиглэж байна.
ДЭМБ-ЫН МОНГОЛ УЛС ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ ДР. СОКОРРО ЭСКАЛАНТЕ

“Өрхийн хэрэглээнд цэвэр эрчим хүчний хэрэглээнд шилжих нь Монгол Улсын хувьд нэн даруй арга хэмжээ авах шаардлагатай нийгмийн эрүүл мэндийн зайлшгүй зорилт юм. Эрүүл мэнд, сайн сайхан байдал нь эрүүл, аюулгүй орчинтой гэр орон, цэвэр агаараас эхэлдэг бөгөөд хүүхэд бүр эрүүл өсөж, хөгжих таатай орчныг бүрдүүлэх нь чухал. ДЭМБ нь энэхүү чуулганаар хүлээсэн үүрэг амлалтыг өнөөдөр болон ирээдүй хойч үеийн эрүүл мэндийг хамгаалах уялдаа холбоотой, тогтвортой үйл ажиллагаа болгон хэрэгжүүлэхэд Монгол Улсыг дэмжин ажиллахад бэлэн байна,” хэмээн ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др Сокорро Эскаланте хэлэв.
НИЙСЛЭЛ: ХАТУУ ТҮЛШНИЙ ХЭРЭГЛЭЭГ 15.4 МЯНГАН ТОННООР БУУРУУЛАХААР ТӨЛӨВЛӨЖЭЭ

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах хүрээнд галлагаатай өрхийн тоо буурч байна. Тухайлбал, 2024 онд 171,976 галлагаатай өрх бүртгэгдэж байсан бол 2025 оны нэгдсэн тооллогоор 152,299 болж буурчээ.2025–2026 оны халаалтын улиралд гэр хорооллын 5,000 өрхийг шингэрүүлсэн нефтийн хийн халаалтад шилжүүлсэн байна.Харин 2026–2027 оны халаалтын улиралд төрийн өмчийн 37 зуухыг шингэрүүлсэн нефтийн хийн халаалтад шилжүүлэхээр төлөвлөжээ. Ингэснээр жилд 15,478.6 тонн хатуу түлшний хэрэглээг бууруулах бөгөөд энэ нь 7,326 өрхийн хэрэглээтэй дүйцэх юм.Нийслэлээс 2026–2027 оны халаалтын улиралд агаарын бохирдлын хэмжээг өмнөх жилүүдээс 40 хувиар бууруулах зорилт дэвшүүлээд байна.
Өнөөдрийн байдлаар утаа ихтэй бүсийн 5,000 өрхийг шингэрүүлсэн хийн түлш, 408 өрхийг нарны эрчим хүчний хэрэглээнд холбож, 31 уурын зуухыг хийн болон цахилгаан халаалтад шилжүүлээд байна.
НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвлийн улиралд багтаан гэр хорооллын 7,000–10,000 айлын янданг буулгана
НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөртэй хамтран гэр хорооллын цэвэр эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор 2.4 МВт хүчин чадалтай нарны цахилгаан станцыг батарей хуримтлуулах системтэй хослуулан байгуулна
“Шинэ үеийн Улаанбаатар” бодлогын хүрээнд айл өрх, уурын болон усан халаалтын зуух, автомашин зэрэг утаа үүсгэгч эх үүсвэр бүрд тохирсон шийдлийг цогцоор нь хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна
САЛБАР ДУНДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ҮР ДҮНТЭЙ ХЭРЭГЖҮҮЛНЭ

Өрхийн цэвэр эрчим хүчний шилжилт нь зөвхөн нэг салбарын хүрээнд шийдвэрлэх асуудал биш юм. Ингэхдээ цэвэр халаалтын технологи, эрчим хүчний дэд бүтэц, орон сууцны дулаалга, тогтвортой санхүүжилт, нийгмийн хамгаалал, хүн амын эрүүл мэндийн асуудлыг цогцоор нь авч үзэж, хот суурин, хөдөө орон нутгийн өрхийн ялгаатай хэрэгцээнд нийцсэн шийдлийг хэрэгжүүлнэ.Энэ хүрээнд төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, хөгжлийн түншүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлж, нотолгоонд суурилсан бодлого, хөрөнгө оруулалт, хэрэгжилтийн хяналтыг уялдуулан ажиллах юм.







