Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ 1-110

A- A A+

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ ДР.ТЕДРОС АДХАНОМ ГЕБРЕЙЕСУС БОЛОН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ЗАХИРАЛ ДР.САИА МА’У ПИУКАЛА НАРТАЙ УУЛЗЛАА



Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн хорооны 77 дугаар чуулганы үеэр Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын Ерөнхий захирал Др.Тедрос Адханом Гебрейесус болон Номхон далайн баруун бүсийн захирал Др.Саиа Ма’у Пиукала нартай тус тус хоёр талын уулзалт хийлээ.
ДЭМБ-ын Ерөнхий захирал Др.Тедрос Адханом Гебрейесустай хийсэн уулзалтаар Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр ДЭМБ олон жилийн турш найдвартай түнш байж, дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв. Уулзалтаар үндэсний эрүүл мэндийн тогтолцооны чадавхыг бэхжүүлэх, зайлшгүй шаардлагатай эмийн хүртээмжийг сайжруулах, эм, эмнэлгийн хэрэгслийн зохицуулалт, чанарын баталгаажуулалтыг боловсронгуй болгох, эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэх чиглэлээр хамтран ажиллах, түүнчлэн Монгол Улсад шинээр байгуулагдаж буй Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн институцийн чадавхыг бэхжүүлэх, хүний нөөцийг сургах, мэргэжлийн дэмжлэг үзүүлэх чиглэлээр ДЭМБ-тай хамтран ажиллах талаар санал солилцов.
Мөн өдөр Эрүүл мэндийн сайд Э.Батшугар ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Саиа Ма’у Пиукалатай уулзаж, “Бүс нутгийн хэмжээнд нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлэлт болон нэгдсэн худалдан авалтын механизм” сэдэвт сайд нарын дугуй ширээний хэлэлцүүлгийг зохион байгуулсанд талархал илэрхийлэв.
Тэрбээр Монгол Улс бүс нутгийн нэгдсэн худалдан авалтын механизм бий болгох санаачилгыг дэмжиж, энэ чиглэлээр бүсийн бодлогын баримт бичиг боловсруулахад хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Хэлэлцсэн асуудлын хүрээнд Монгол Улс НҮБ-ын Хүүхдийн сан болон Хөгжлийн хөтөлбөрийн нэгдсэн худалдан авалтын механизмыг ашиглан тодорхой нэр төрлийн эм, вакцины худалдан авалтыг зохион байгуулсан туршлага болон нэг эх үүсвэрийн аргаар артерийн даралт, чихрийн шижин, цусны бүлэгнэлтийн эсрэг эмүүдийг худалдан авсан туршлагаас товч танилцуулав.
Түүнчлэн ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр Цар тахлын сангийн санхүүжилтээр Эмийн чанарын хяналтын үндэсний лавлагаа лабораторийг байгуулж, орчин үеийн тоног төхөөрөмжөөр ханган, мэргэжилтнүүдийн техникийн чадавхыг бэхжүүлэхэд бодит хувь нэмэр оруулсныг онцлов. Цаашид лабораторийн хүний нөөцийн чадавхыг үргэлжлүүлэн бэхжүүлэх, ДЭМБ-ын цогц үнэлгээ хийлгэх бэлтгэл ажлыг хангах хүрээнд мэргэжлийн болон техникийн дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах хүсэлтийг Номхон далайн баруун бүсийн захиралд тавилаа.

Эрүүл мэндийн цахим шилжилтийн хүрээнд цахим дэд бүтцийг бэхжүүлэх, Өвчний олон улсын ангилал ICD-11-ийг 2027 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс улсын хэмжээнд нэвтрүүлэх бэлтгэл ажлыг хангах чиглэлээр мөн санал солилцов.
ДЭМБ-ын удирдлагууд Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн бүх нийтийн хамралтыг сайжруулахад чиглэсэн хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлж, цаашдын үйл ажиллагааны уялдаа холбоог ханган ажиллахаа илэрхийллээ.

Холбоотой мэдээ, мэдээлэл