МОНГОЛ УЛСАД:
Хоолны хордлогот халдвар:
Худалдаа хөгжлийн банкны 13 ажилтан үхрийн өвчүү хувааж идсэн ба 10 хүнд (77%) нь дотор муухайрах, гэдэс дүүрэх, бөөлжих, усархаг суулгах, толгой өвдөх зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илэрч, гурав нь ХӨСҮТ-д хэвтэн эмчлэгдэж байна. Тандалт судалгаа болон лабораторийн шинжилгээ үргэлжилж байна.
Эх сурвалж: ХӨСҮТ
Томуу, томуу төст өвчин, Нийслэлд:
Нийслэлийн хэмжээнд амбулаторийн үзлэгт нийт 78140 хүн хамрагдсаны 4866 нь томуу, томуу төст өвчтэй тохиолдол оношилогдсон ба 6.2%-ийг эзэлж байгаа нь өнгөрсөн 7 хоногийн дунджаас 0.3%-иар буурсан байна. Нийт өвчлөгсдийн 83%-ийг 0-9 насны хүүхдүүд эзэлсэн бөгөөд хүүхдийн түргэн тусламжийн 1397 дуудлага ирүүлсний 617 тохиолдол буюу 44.2% нь ТТТӨ гэж оношилогдсон байна. ТТТӨ нь Чингэлтэй дүүрэгт 8.8%, Налайх дүүргүүдэд 8.5% -ийг тус тус эзэлж байгаа нь хамгийн өндөр байна.
Эх сурвалж: НЭМГ
Архины хордлого:
4 дүгээр сарын 5-12-нд Нийслэлийн эмнэлгүүдэд архины хордлогын улмаас 419 хүн хандсаны 26 (6.2%) нь хэвтэн эмчлэгджээ. Энэ үзүүлэлт нь өнгөрсөн 7 хоногоос 16.2%-иар өсч, өмнөх оны мөн үеэс 8.5%-иар буурчээ.
Эх сурвалж: НЭМГ
Улаанбурхан өвчний шинэчлэгдсэн мэдээ:
Улсын хэмжээнд он гарсаар нийт 16107 улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдлоос 3347 (21%) нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан. 4 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар ХӨСҮТ-д 308 өвчтөн хандсаны 263 (85%) улаанбурхан өвчний эмнэлзүйн шинж тэмдэгтэй хандаж, 47 (17.8%) нь хэвтэж, 114 хүнд гэрээр зөвлөгөө өгчээ. Улаанбурхан өвчний улмаас 371 өвчтөн эмчлэгдэж байгаагаас 22 нь сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байна.
Эх сурвалж: ХӨСҮТ
ДЭЛХИЙ ДАХИНД:
Шар чичрэг өвчний дэгдэлт, Ангол улс:
Тус улсын 18 аймагт дэгдэлт бүртгэгдэж, анхны тохиолдол-2015 оны 1 дүгээр сард бүртгэгдсэнээс хойш одоогийн байдлаар 1708 сэжигтэй тохиолдлоос 238 нас баралт бүртгэгджээ. Нас баралтын түвшин-13.8% байна. Тус улсын Засгийн газар болон Олон улсын байгууллагаас хамтарсан баг хариу арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.
Эх сурвалж: ДЭМБ
Шар чичрэг өвчний тархвар зүйн муруй, Ангол улсад
Микроцефали өвчин, Панама улсад:
Тус улсад Зика вирүст халдвартай хамааралтай микроцефали өвчин шинэ төрсөн 2 нярайд илэрчээ. 2 нярайгаас цуглуулсан сорьцод Зика вирүст халдвар эерэг дүнтэй тодорхойлогджээ.
Эх сурвалж: ДЭМБ