Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ 1-110

A- A A+

281 МЯНГА ГАРУЙ ХҮҮХДИЙГ СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТ СУУРИЛСАН ЭРТ ИЛРҮҮЛЭГТ ХАМРУУЛЖ БАЙНА


Хүүхдийн эрүүл мэндийн асуудлыг эрт үед нь илрүүлж, шаардлагатай тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй холбон, эрүүл мэндийн хяналтыг тогтмолжуулах зорилгоор сургууль, цэцэрлэгт суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу Эрүүл мэндийн яам, Боловсролын яам хамтран хэрэгжүүлж буй энэхүү үзлэг 2026 оны 10 дугаар сарын 1-нээс 12 дугаар сарын 1-ний өдөр хүртэл үргэлжилнэ. Эрт илрүүлэгт 3, 6, 11, 15 насны нийт 281,895 хүүхэд хамрагдах бөгөөд үзлэгийг хүүхдийн нас, хөгжлийн онцлогт тохируулан зохион байгуулж байна.

Хүүхэд бүрд насны онцлогт тохирсон багц үзлэг хийнэ

Эрт илрүүлгийн хүрээнд хүүхдийн өсөлт, хөгжил, биеийн ерөнхий эрүүл мэнд, хараа зэрэг үндсэн үзүүлэлтийг үнэлэхээс гадна тухайн насанд түгээмэл тохиолдож болох эрсдэл, өөрчлөлтийг илрүүлэх тусгай үнэлгээг хийж байна. Тухайлбал: 3 настай хүүхдэд Хүүхдийн хөгжил болон аутизмын хүрээний эмгэгийн эрсдэлийг үнэлнэ.
6 настай хүүхдэд Зүрхний цахилгаан бичлэг хийж, зүрхний эмгэгийн эрсдэлийг үнэлнэ.
11 настай хүүхдэд Нурууны муруйлт, хавтгай тавхай зэрэг өсөлт, хөгжлийн үеийн өөрчлөлтийг үнэлнэ.
15 настай хүүхдэд Сэтгэл зүй болон бэлгийн бойжилтын хөгжлийг үнэлэх асуумжид хамруулна. Ийнхүү хүүхдийн нас, хөгжлийн онцлогт тохирсон үзлэг, үнэлгээг хийснээр эрүүл мэндийн эрсдэлийг аль болох эрт илрүүлэх боломж бүрдэж байна.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: Хүүхдийн эрүүл мэндийн асуудлыг хүндрэхээс нь өмнө илрүүлэх нь хамгийн чухал. Эрт илрүүлгийн зорилго бол хүүхэд бүрт онош тавих бус, эрсдэл, өөрчлөлтийг нь эрт тодорхойлж, шаардлагатай тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй холбох явдал. Бид хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах урьдчилан сэргийлэх тогтолцоог улам бэхжүүлнэ гэв.

23 мянга гаруй хүүхэд эрт илрүүлэгт хамрагдаад байна
Одоогийн байдлаар улсын хэмжээнд 23,000 гаруй хүүхэд эрт илрүүлэгт хамрагдаад байна. Үзлэгийн өмнө эцэг, эх, асран хамгаалагчдад эрт илрүүлгийн зорилго, ач холбогдол, хийгдэх үзлэг, үнэлгээний талаар мэдээлэл өгч, таниулсан зөвшөөрөл авч байгаа юм. Энэ үзлэгээр эмчийн эцсийн онош тавихгүй. Харин хүүхдийн эрүүл мэндийн байдалд эрсдэл, өөрчлөлт байгаа эсэхийг үнэлж, шаардлагатай тохиолдолд дараагийн шатны тусламж, үйлчилгээ авах чиглэл өгнө. Эрсдэлийг эрт илрүүлж, дараагийн шатны тусламжид холбоно Хүүхдийн эрт илрүүлгийн хамгийн чухал үр дүн нь зөвхөн үзлэгт хамруулсан тоогоор хэмжигдэхгүй. Харин эрүүл мэндийн эрсдэлтэй хүүхдийг эрт илрүүлж, шаардлагатай тусламж, үйлчилгээнд цаг алдалгүй холбон, цаашид хяналтад авахад оршино. Тиймээс эрт илрүүлгээр өөрчлөлт, эрсдэл илэрсэн хүүхдийг холбогдох эмч, мэргэжлийн байгууллагад шилжүүлж, шаардлагатай тусламж, үйлчилгээ болон хяналтыг үргэлжлүүлнэ. Хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад эцэг, эх, асран хамгаалагчийн оролцоо чухал. Иймд эцэг, эхчүүд хүүхдийнхээ асуумжийг үнэн зөв бөглөж, үзлэгт нь идэвхтэй хамруулан, үзлэгийн дараа эмч, мэргэжилтнээс өгсөн зөвлөгөө, зөвлөмжийг хэрэгжүүлэхийг Эрүүл мэндийн яамнаас уриалж байна.
Эрт илрүүлэлт бол өвчнийг хүндэрсний дараа эмчлэх бус, эрсдэлийг нь эрт олж, хүүхдийн эрүүл өсөлт, хөгжлийг хамгаалах урьдчилан сэргийлэх арга хэмжээ юм.

Холбоотой мэдээ, мэдээлэл