Эрүүл мэндийн яамнаас Үндэсний аудитын газартай хамтран “Эрүүл мэндийн салбарын хэмжээнд төрийн аудитын шийдвэрийн хэрэгжилт, түүний үр дүнг сайжруулах, хэрэгжээгүй болон хугацаа хэтэрсэн шийдвэрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, мэдээлэл солилцох” зорилгоор 2026 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хамтарсан уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.Тус хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр болон Эрүүл мэндийн байгууллагуудын төсөв захирагчид, санхүү, хөрөнгө оруулалт, дотоод аудит хариуцсан мэргэжилтнүүд зэрэг нийт 416 албан хаагчид цахимаар болон танхимаар оролцлоо.
Уулзалт хэлэлцүүлгээр аудитаар нийтлэг илэрч буй алдаа, зөрчилтэй холбоотой тулгамдаж буй асуудлаар санал солилцлоо.
Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар нийт 92,462.9 сая төгрөгийн зөрчил илэрсэнээс Эрүүл мэндийн даатгалын цахим системд илгээсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний нэхэмжилсэн дүнгээс чанарын болон төлбөрийн хяналтаар хасагдаж, орлогоо бүрэн төвлөрүүлээгүй зөрчил дийлэнх хувийг эзэлсэн байна.
Эрүүл мэндийн байгууллагууд аудитаар өгсөн акт, албан шаардлага, зөвлөмжийн биелэлтийг ханган ажилласнаар 2025 онд өмнөх оноос авлага 55.0 тэрбум төгрөгөөр, өр төлбөр 25.8 тэрбум төгрөгөөр буурч зөрчилгүй дүгнэлт авсан байгууллагын тоо өссөн эерэг үзүүлэлттэй байна. Цаашид аудитын акт, албан шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар ажил хэргийн уулзалтуудыг үргэлжлүүлэн хийхээр боллоо.







