Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Бүгд Найрамдах Солонгос Улсын Эрүүл мэнд, халамжийн сайд Жон Юн Кёнтэй албан ёсны уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд талууд Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс дипломат харилцаа тогтоосноос хойших 36 жилийн хугацаанд хоёр улсын харилцаа “Стратегийн түншлэл”-ийн түвшинд амжилттай хөгжиж ирснийг онцолж, эрүүл мэндийн салбар нь энэхүү түншлэлийн хамгийн идэвхтэй, үр өгөөжтэй чиглэлүүдийн нэг болсныг тэмдэглэлээ.Ийнхүү хоёр улсын Эрүүл мэндийн яам хоорондын “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ болон анагаах ухааны салбарт хамтран ажиллах тухай” Харилцан ойлголцлын санамж бичгийг шинэчлэн байгуулж, эрүүл мэндийн аюулгүй байдал, цахим эрүүл мэнд, эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалт, зайлшгүй шаардлагатай эмийн нийлүүлэлтийн тогтолцоог бэхжүүлэх зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцов. Мөн “Хавдар судлалын үндэсний төв-II” төслийн хэрэгжилтийг хамтран дэмжих асуудлыг хөндөн ярилцлаа.
Монгол Улсын Засгийн газраас тэргүүлэх ач холбогдолтой хөрөнгө оруулалтын төсөл болгон хэрэгжүүлж буй “Хавдар судлалын үндэсний төв-II” төслийн хүрээнд шинэ эмнэлгийн төлөвлөлт, хүний нөөцийн бэлтгэл, орчин үеийн хавдрын тусламж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэхэд Бүгд Найрамдах Солонгос Улсын туршлага, мэргэжлийн дэмжлэг чухал болохыг талууд онцлон тэмдэглэв.
Сайд Э.Батшугар 2011 оноос хэрэгжсэн хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд “Сөүл төсөл”, “Зочин профессор”-ын хөтөлбөрөөр Монголын 183 эмч, эмнэлгийн мэргэжилтэн БНСУ-ын тэргүүлэх эмнэлгүүдэд мэргэжил дээшлүүлсэн нь хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд бодит хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэв. Мөн Солонгос Улсад эмчилгээ хийлгэсэн иргэдэд эх орондоо эмчилгээний дараах хяналт, зөвлөгөө авах боломжийг бүрдүүлсэн “Эмчилгээний дараах хяналтын төв”-үүдийн үйл ажиллагаа үр дүнтэй хэрэгжиж байгааг дурдан талархал илэрхийлээ. 
Мөн өнөөдөр шинэчлэн байгуулсан санамж бичгийн хэрэгжилтийг бодит үр дүнд хүргэх зорилгоор хоёр улсын Эрүүл мэндийн яамдын хамтарсан ажлын хэсэг байгуулж, тогтмол зөвлөлдөх механизмыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдлээ. Уулзалтын төгсгөлд талууд энэхүү айлчлал нь Монгол, Бүгд Найрамдах Солонгос Улсын эрүүл мэндийн салбарын стратегийн түншлэлийг шинэ шатанд гаргаж, иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.







