Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” үндэсний санаачилга-ын хүрээнд төрийн үйлчилгээнд тулгамдаж буй хүндрэл, саадыг бууруулах, иргэдэд үзүүлэх үйлчилгээг илүү хүртээмжтэй, чанартай болгох зорилгоор хэрэгжүүлсэн эхний 100 хоногийн ажлын үр дүнг танилцууллаа.
Эрүүл мэндийн салбарт энэ хугацаанд иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, эмийн чанар, аюулгүй байдлыг сайжруулах, эмч, эмнэлгийн ажилтны хөдөлмөрийн нөхцөлийг дэмжих, салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх чиглэлээр бодит ахиц гарсан байна. Эмийн чанар, аюулгүй байдлыг олон улсын түвшинд баталгаажуулах зорилгоор “Эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лаборатори”-ийг ашиглалтад орууллаа. Ингэснээр жил бүр 4,000–5,000 дээжид олон улсын стандартын дагуу чанарын шинжилгээ хийх хүчин чадал бүрдэж, эм, эмнэлгийн хэрэгслийн чанарыг эх орондоо баталгаажуулах боломж бүрдэв.
Мөн Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлттэй олгодог өргөн хэрэглээний эмүүдийг тус лабораторид үе шаттайгаар чанарын шинжилгээнд хамруулж эхэллээ. Эхний ээлжид 131 нэр төрлийн эмийг шинжлэхээр төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 23 нэр төрлийн эмийг чанарын шинжилгээнд хамруулаад байна. Салбарын цахим шилжилтийн хүрээнд өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарыг 38 төрлийн тайлан боловсруулах ажлаас чөлөөлснөөр давхар бүртгэл, гар ажиллагааг эрс бууруулж, иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээндээ илүү цаг зарцуулах боломжийг бүрдүүлэв.Түүнчлэн эрүүл мэндийн салбарын 36 мянган эмч, эмнэлгийн ажилтан нэгдсэн цалингийн тогтолцоонд шилжиж, цалин хөлс нь 50 хүртэл хувиар нэмэгдлээ. Лавлагаа шатлалын тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах, иргэдийн хүлээгдлийг бууруулах зорилгоор санхүүжилтийг 81 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн бол анхан шатны тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтийг 153 тэрбум төгрөгөөр өсгөсөн байна. Үүний зэрэгцээ анхан шатны тусламж, үйлчилгээг бэхжүүлэх хүрээнд цахим шийдлүүдийг өргөжүүлж, өрхийн эрүүл мэндийн төвийг түшиглэсэн хаалга баригчийн тогтолцоог боловсронгуй болгох ажлыг эрчимтэй хэрэгжүүлж байгаа нь эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг иргэдэд илүү ойртуулах чухал алхам болж байна.
“Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд хэрэгжүүлсэн эдгээр арга хэмжээ нь иргэдийг чанаргүй эмийн эрсдэлээс хамгаалах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, салбарын тогтвортой хөгжлийг дэмжихэд чиглэсэн бодит үр дүн болж байна.







