Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв хамтран “Аюулгүй орчин – Чанартай барилга” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан нар оролцож, боловсролын байгууллагын барилга байгууламжийн эрүүл ахуй, дотоод орчны агаарын чанар, засвар үйлчилгээний стандарт, хяналтын тогтолцоог сайжруулах асуудлаар санал солилцов.
Хэлэлцүүлгээр 2023 онд Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайд, Барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан тушаалаар баталсан боловсролын болон эрүүл мэндийн байгууллагын засварт эрүүл ахуйн шаардлага хангасан тосон болон усан суурьтай будаг ашиглах, түүнд хяналт тавих, хүлээн авах журмын хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэв. Мөн сургуулийн дотоод орчны агаарын чанартай холбоотой тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам, анги танхимын агаарын чанарын мониторингийн үр дүн, боловсролын барилга байгууламжид мөрдөх эрүүл ахуйн стандартын хэрэгжилт, сургуулийн их болон урсгал засварт тавих эрүүл ахуйн хяналтын талаар холбогдох байгууллагын мэргэжилтнүүд илтгэл танилцууллаа.


Хэлэлцүүлгийн төгсгөлд оролцогчид боловсролын байгууллагын барилга байгууламжийн чанар, эрүүл ахуйн стандартыг бодитоор хэрэгжүүлэх, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, дотоод орчны агаарын чанарыг тогтмол үнэлэх чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдлээ.








