Лого татаж авах Санал хүсэлт Тусламж И-мэйл шалгах Цаг товлох үйлчилгээ
ЭМЯ    ОРОН НУТГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭЖ, ИРГЭНД ХҮРЭХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЙРТУУЛНА    ЭМЯ   СУРГУУЛИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БҮРДҮҮЛНЭ   ЭМЯ   УГТЭ: ФРАНЦЫН ЗОЧИН ПРОФЕССОРЫН БАГТАЙ ХАМТРАН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ХҮНД ТОХИОЛДЛУУДАД ЭМЧИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА      ЭМЯ   УЛААНБУРХАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДАЛ, АВЧ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО   ЭМЯ   МОНГОЛ УЛСАД ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ЭМЧИЛГЭЭГ ҮЕ ШАТТАЙ НЭВТРҮҮЛЖ, НУТАГШУУЛНА  ЭМЯ  УОК ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ   ЭМЯ
Шуурхай мэдээ

A- A A+

“ЭМНЭЛЭГ ХҮРТЭЛХ ЯАРАЛТАЙ, ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЕМИНАРЫГ ЭМЯ-НД ЗОХИОН БАЙГУУЛАВ


Монгол улсын хэмжээнд яаралтай түргэн тусламжийн эмч болон түүний багт хамаарах нийт 1800 орчим хүн байдаг. Эдгээр хүмүүсийг чадавхжуулж, мэргэшүүлэн сургах  үндэсний мастер сургагч 14 багш бэлтгэгдээд байгаа билээ. 14 багш нь яаралтай түргэн тусламжийн эмч, мэргэжилтнүүд бөгөөд салбарынхандаа багшлахаар бэлтгэгдсэн юм. Ийм жишиг дэлхийн олон улсад байдаг ба манай улс энэ жил албан ёсоор тус сургалтыг эрүүл мэндийн салбартаа зохион байгуулж байна.

Өнөөдөр Австрали, Канад, ИБУИНВУлсын сургагч багш нар өөрийн сайн туршлагаа албаныханд хуваалцлаа. Тэд хэлэхдээ, түргэн тусламжийн жолооч бол маш чухал үүрэгтэйг онцлоод гол нь тэднийг яаралтай түгэн тусламж үзүүлж чаддаг болгон сургах хэрэгтэй гэлээ. Манай улсын хүн ам өргөн уудам нутаг дэвсгэрт тархан амьдардаг онцлогтой. Энэ тохиолдолд яаралтай түргэн тусламж түргэн хүрэх, чадварлаг тусламж үзүүлэх шаардлага тулгардаг. 



Эрүүл мэнд сайд Ж.Чинбүрэн: Аварч болох, эмчилж болох хүмүүсийг алдаж байгаа нь эрүүл мэндийн салбарын хамгийн том сул тал болж байна. Тиймээс Монгол Улсад түргэн тусламж, эрчимт эмчилгээ, төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг амьдарч байгаа газар, нутагт нь түргэн хүргэдэг тогтолцоог бий болгох нь Засгийн газрын нэг том зорилт юм. Энэ хүрээнд Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр манай улсын аймаг орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудыг шинэчилж чадавхжуулах, орон нутагт яаралтай түргэн тусламжийн сүлжээ тогтолцоог бий болгох, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад зөв менежмэнт систем нутагшуулах төслийг хэрэгжүүлэх юм. 3 жилийн дараа гэхэд 21 аймаг яаралтай, түргэн тусламж, эрчимт эмчилгээг үзүүлдэг болж үр дүнд нь нас баралтыг бууруулах том зорилго биеллээ олно. Яг энэ чиглэлээр “EMS Global” багийнхан Монголын олон мэргэжилтнүүдийг сургаж, үнэтэй санал өгч буйд талархаж байна" гэлээ. 


ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга М.Наранпүрэв: Эмнэлэг хүртэлх яаралтай тусламжийн чанар, шуурхай байдал, хариу арга хэмжээнээс шалтгаалан өвчтөн эдгэрэх эсвэл хөгжлийн бэрхшээлтэй болох, нас барах гэсэн гурван үр дагавар бий болдог.
2024 онд Монгол Улсад 18,113 нас баралт бүртгэгдсэнээс 12,330 нь эмнэлгийн бус нас баралт байна. Нийт аврах боломжтой нас баралт нь 9761 иргэн буюу нийт нас баралтын 54 хувьтай тэнцэж байна.
Шалтгааныг нь харах юм бол харвалт, шигдээс, осол, гэмтэл, амьсгалын тогтолцооны өвчин, хоол боловсруулах зарим өвчнүүд дийлэнх хувийг эзэлж байгаа юм. Эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт үйлчлүүлсэн өвчтөний эрэмбэлэн ангилалтыг үнэлэхэд, өвчтөний 80 хувь нь эмнэлэгт өөрөө ирсэн буюу яаралтай тусламж шаардахгүй хүмүүс байгаа аж. Энэ нь эрэмбэлэх сургалтын хөтөлбөр хангалтгүй, хүний нөөцийн сургалтын хэрэгцээ шаардлагатай байгааг харуулж байна.


Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лео Зэн: Австралийн элчин сайдын яам нь маш хэрэгцээтэй, хүний амь аварсан сургалтыг  “EMS Global”-тай хамтран хэрэгжүүлж байгаадаа туйлын баяртай байна. Сүүлийн 2-3 жилийн хугацаанд 200 гаруй эмчийг эмнэлэг хүртэлх тусламж үзүүлэх чиглэлээр чадавхыг нь сайжруулсан байна. Монголын хаана ч байсан хүний амь бүрийг аврах яаралтай тусламжийн тогтолцоог сайжруулах нь чухал гэдгийг сонслоо. "EMS Global"-ийн Монголд хэрэгжүүлж буй сургалт үр дүнтэй байгаад баярлаж байна. "EMS Global"-аар дамжуулан Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах, улам чадавхтай болоход нь хувь нэмрээ оруулж, бүхий л талаар дэмжин ажиллана гэдгээ хэллээ.


"EMS Global" нь Австрали, Канад, ИБУИНВУлсын түргэн тусламж, агаарын тээврийн тусламжийн чиглэлээр мэргэшсэн багийн гишүүдтэй. Тус багийнхан 2018 оноос хойш 559 хүнд эмнэлэг хүртэлх яаралтай тусламжийн сургалт хийжээ. Сүүлийн 2-3 жилийн хугацаад Нийслэлийн түргэн тусламжийн төвтэй хамтран эмч, жолооч нарыг сургалтад 100 хувь хамруулахаар ажиллаж байгаа аж.

Профессор Жо Акер хэлэхдээ, Сүүлийн 8 жил Монголд ажиллахдаа Яаралтай түргэн тусламжийн тогтолцооны сайн тал, тулгарч буй бэрхшээлүүдээс олон зүйлийг суралцсан. Тухайн мөчид буюу амь тэнссэн үед яаралтай тусламж үзүүлэхэд эмч жолоочийн баг маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ тогтолцоо Монголд маш сайн ажиллаж байгаа. Мөн түргэний жолооч бол маш чухал нөөц боломж юм. Жолооч нарыг сургах чиглэлээр бид ажиллаж байгаа. Эмчтэй зэрэгцээд сувилагч, жолооч нарыг сургах нь өндөр ач холбогдолтой гэдгийг онцолсон юм. 


Азийн хөгжлийн банкны төсөл хэрэгжүүлэгч нэгжийн зохицуулагч Г.Баясгалан: Үндэсний түргэн тусламжийн сүлжээний шинэчлэлийг бий болгоход хамгийн чухал нь хүний нөөцийн бэлэн байдал. 2 жилийн хугацаанд 1800 орчим эмч нарыг чадавхжуулан сургах үндэсний мастер сургагч 14 багш нартай "EMS Global" багийнхан хамтран ажиллах нь сургалтын хөтөлбөрийг улам сайжруулах ач холбогдолтой. Үндэсний түргэн тусламжийн төвтэй болсноор бүх аймаг, улсын дуудлагыг хянадаг тогтолцоо бүрдэх юм. Ингэснээр эмнэлэг хүртэлх яаралтай түргэн тусламжийн чанар сайжирна. Бүх төвүүд жигд нэг түвшинд үйл ажиллагаагаа явуулахад нэг алхам сайжирч, хөгжиж дэвших боломж бүрдэнэ" гэлээ. 

Семинарын төгсгөлд дараах дүгнэлтийг гаргалаа. 
  1. ДЭМБ-ын Яаралтай тусламжийн суурь хөтөлбөрийн хүрээнд, Эмнэлэг хүртэлх тусламж, үйлчилгээг чадавхжуулах. Тэр дундаа анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын эмнэлгийн болон эмнэлгийн бус (түргэний жолооч) ажилчдыг системтэйгээр сургах;
  2. Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй төсөлтэй дээрх яаралтай тусламжийн сургалтыг уялдуулах;
  3. Парамедикийн хууль эрхзүйн орчныг бий болгож, эмнэлгийн бус ажилчдыг системчилсэн тусгай хөтөлбөрөөр бэлтгэж, албан ёсны сургалтын хөтөлбөрийг нэвтрүүлэхээр болов.
Семинарт Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лео Зэн, Австрали улсын EMS Global сангийн профессор Жо Акер, Азийн хөгжлийн банкны төсөл хэрэгжүүлэгч нэгжийн зохицуулагч Г.Баясгалан,  Яаралтай тусламж судлалын салбар зөвлөлийн гишүүд, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн мэргэжилтнүүд оролцлоо. 

Холбоотой мэдээ, мэдээлэл