Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 2025 оныг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарлаж, жилийн ажлын хүрээнд хөдөлмөрийн насны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн талаарх 2 үе шаттай бүртгэл, судалгааны ажлыг зохион байгуулж байна. Бүртгэл, судалгааны эхний үе шатанд хөдөлмөрийн насны хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс хөдөлмөр эрхлэх сонирхолтой эсэхийг асууж, цахимаар бүртгэх ба энэ арга хэмжээг 9 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал орон даяар зохион байгуулах юм. Энэхүү бүртгэл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нас, бэрхшээлийн хэлбэр, хэрэглэдэг тусгай хэрэгсэл, хөдөлмөр эрхлэлт зэрэг бодлого, үйл ажиллагаанд шаардлагатай цогц мэдээлэл бүхий мэдээллийн сангийн суурь өгөгдлийг бүрдүүлэх ач холбогдолтой юм.







