
Монгол Улсын Засгийн газраас журам баталж эмийн чанар, аюулгүй байдлыг сайжруулах, зонхилон тохиолддог өвчний эмчилгээнд зориулагдсан эмийн үнийг тогтворжуулах бодлогын хүрээнд “Нэг эх үүсвэр”-ийн эмээр хангаж эхэлсэн. Одоогоор Dongkoo Bio & Pharm үйлдвэрээс 5, CKD үйлдвэрээс 4, Hanmi pharm үйлдвэрээс 5, Hanlim pharm үйлдвэрээс 4 нийт 18 төрлийн эм импортлохоор үнийн хэлцэл хийсэн. Yuhan corporation, Hanmi pharm, Korea United Pharm зэрэг үйлдвэрүүдтэй 20 гаруй нэр төрлийн хавдрын хими эмчилгээний тариаг импортлох боломжийг нээхээр үнийн хэлцэл хийж, эхний ээлжинд Korea United Pharm үйлдвэрийн 5 нэрийн хими эмчилгээний тариаг импортлон 2025 оны 4 дүгээр сараас эхлэн Хавдар судлалын үндэсний төвийн эмчилгээнд нэвтрүүлээд байна.

Өнөөдөр “Нэг эх үүсвэр”-ийн эм хэрхэн хэрэгжиж буй тухай талуудын нэгдсэн мэдээллийг ЭМЯ-д зохион байгууллаа.


Өнөөдөр “Нэг эх үүсвэр”-ийн эм хэрхэн хэрэгжиж буй тухай талуудын нэгдсэн мэдээллийг ЭМЯ-д зохион байгууллаа.

ЭМЯ-ны Эм, эмнэлгийн хэрэгслийн бодлогын хэлтсийн даргын үүргийг хавсран гүйцэтгэгч Л.НАМХАЙНОРОВ: “Монгол Улсын холбогдох төрийн байгууллагуудаар дамжуулан БНСУ-ын Эм, биобэлдмэл үйлвэрлэгчдийн холбоо (КРВМА Korea Pharmaceutical and Bio-Pharma Manufacturers Assosiation)-той хамтарч ажилласан. БНСУ-ын Эм үйлдвэрлэгчдийн холбоо нь манай улстай хамтран ажиллах хүсэл сонирхолтой эм үйлдвэрлэгчидтэй уулзалтыг зохион байгуулж, манай улсад нийлүүлэх эмийн үнийн хэлцлийн үйл ажиллагаа эхэлсэн. ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөгдсөн эмийн зохицуулалтын эрх бүхий байгууллагатай гадаад улсын үйлдвэрлэгчээс нэг эх үүсвэрийн аргаар тус 4 эмийг худалдан авахад 23.5 ТЭРБУМ төгрөгийн хэмнэлт хийх боломжтой” хэмээн онцлов.


Харин: ЭМДЕГ-ын дарга С.ЭНХБОЛД “ЭМДЕГ-тай гэрээ хийсэн 1500 орчим эмийн сантай хөнгөлөлттэй эм олгож, санхүүжилтийг нэхэмжлэлээр нь олгодог. Жил бүр даатгалын сангийн 7 хувийн санхүүжилтийг хөнгөлөлттэй эмэнд зарцуулдаг. Энэ жил ЭМДЕГ УИХ-аар батлагдсан 2.5 их наяд төгрөгийн төсвийн 135 тэрбум төгрөг нь хөнгөлөлттэй эмэнд зарцуулагдана. Хүний эмийн зөвлөлөөр зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад багтсан, манай улсад бүртгэлтэй, жороор олгодог эмийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтад оруулж, баталдаг” гэсэн юм.

