

Эдгээр эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлэхийн тулд эмч, мэргэжилтнүүдээ энэ чиглэлээр тэргүүлдэг өндөр хөгжилтэй улсуудад сургасан бөгөөд цаашид ч сургах төлөвлөгөөтэй байна. Монгол Улсад нярайн эндэгдэл 1000 амьд төрөлтөд 7.7 байгааг 5.5 болгон бууруулах боломжтой болохыг олон улсын эрдэмтэн судлаачидтай хамтран тооцоолсон.

"Эрүүл эхлэл, итгэлтэй ирээдүй" уриан дор Монгол Улс эх, нярайн эрүүл мэндийг дэмжих "Эрүүл нярай" санаачилгаа танилцуулж байна. Энэ санаачилга нь бүх төрөлтийг мэргэжлийн эмч, сувилагчийн хяналтад авах, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх, эрүүл мэндийн даатгалыг өргөжүүлэх зэрэг өргөн цар хүрээтэй эрүүл мэндийн бодлогын шинэчлэлүүдийг хэрэгжүүлснээр эх, нярайн эндэгдлийг мэдэгдэхүйцээр бууруулсан сүүлийн 20 жилийн хугацаанд гаргасан ололт амжилт дээр тулгуурлаж байгаа юм.




