Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатаар ахлуулсан баг БНХАУ-д ажиллах үедээ ДЭМБ-ын БНХАУ дахь суурин төлөөлөгч Др. Мартин Тэйлор болон холбогдох асуудал хариуцсан мэргэжилтнүүдтэй уулзалт хийлээ.
Албан уулзалтын үеэр БНХАУ дахь ДЭМБ-ын суурин төлөөлөгчийн газраас Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн үйл ажиллагаанд үзүүлж буй дэмжлэг, хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулга хийлээ.
Мөн түүнчлэн БНХАУ-ын эрүүл мэндийн тогтолцоо, хүн амын дунд зонхилон тохиолдож буй халдварт бус өвчний үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, халдварт өвчин болон нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн хариу хэмжээний бэлэн байдлыг хангахад БНХАУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төв болон бусад байгууллагын хамтын ажиллагааны талаар Монголын Улсын төлөөлөгчдийн сонирхсон асуултад хариулт өглөө. Тэрээр Монгол Улсад Өвчний хяналт, сэргийлэлтийн төв байгуулахад ДЭМБ-ын БНХАУ дахь суурин төлөөлөгчийн газартай хамтран дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат БНХАУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төв болон бусад харьяа байгууллагуудын бүтэц, үйл ажиллагаатай танилцах боломжийг олгож, энэхүү айлчлалыг зохион байгуулсан ДЭМБ-ын Монгол Улс дахь болон БНХАУ дахь суурин төлөөлөгчийн газарт гүн талархал илэрхийллээ.