2011 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас “Эмэнд нянгийн тэсвэржилт үүсэхээс сэргийлэх арга хэмжээ авах тухай” 6 үндсэн чиглэлийг батлан, гишүүн орнуудыг энэ чиглэлд үйл ажиллагаагаа хандуулахыг уриалсан.
Энэ хүрээнд 2014 онд ДЭМБ-аас Нянгийн эсрэг эмэнд үүсэж буй даслын тандалт судалгааг олон улсын түвшинд хийж хэвлүүлжээ. ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн төвөөс 2013, 2014 онд бүсийн улс орнуудад нянгийн эсрэг эмийн даслын талаар судалгаа хийж, гол тулгарч буй бэрхшээлийг тодорхойлсон байна.
Үүнд:
Улс орнуудад Нянгийн эсрэг эмийн даслаас сэргийлэх цогц бодлого дутмаг, антибиотик эмийн хэрэглээ, нянгийн эсрэг эмэнд үүсэж буй даслын хянах тогтолцоо үндэсний болон бүсийн түвшинд хомс, нянгийн эсрэг эмийн даслаас сэргийлэх хариу арга хэмжээ авах тогтолцоо эрүүл мэндийн байгууллагуудад сул байгааг онцолсон.
2014 онд ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн хорооны 65-р чуулганаас “Бүсийн хэмжээнд эмэнд нянгийн тэсвэржилт үүсэхийн эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө”-г батлан хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд 2015 оны 11 дүгээр сарын 16-22 –ныг “Антибиотикийн талаархи мэдээллийг сурталчилах” долоо хоног болгон тэмдэглэхээр тогтсонтой холбогдуулан “Эмнэлэгт нянгийн эсрэг эмэнд тэсвэржилт үүсэхээс сэргийлэх талаар оновчтой арга хэмжээг авч хэрэгжүүлэх нь” сургагч багш бэлтгэх сургалтыг ЭМСЯ наас ДЭМБ-тай хамтран 2015 оны 9 дүгээр сарын 15-16-ны өдрүүдэд зохион байгуулав. Сургалтыг ДЭМБ-ын зөвлөх Mr. Sean Houston удирдан явуулж, сургалтад төв эмнэлгийн эмийн эмчилгээг зохицуулах хорооны гишүүд, МХЕГ, МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лаборатори, Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “Эм” холбоо болон бусад ТББ-ын төлөөлөл, эмч, эм зүйчид оролцоо.
Мөн энэхүү сургалтын талаархи мэдээллийг 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 15 цагт аймгуудын эрүүл мэндийн газрын эмийн мэргэжилтэн, нэгдсэн эмнэлгийн эмийн эмчилгээг зохицуулах хорооны гишүүдэд ДЭМБ-ын зөвлөх Mr. Sean Houston теле сувгаар танилцууллаа.
Сургалтаар эмнэлгийн болон бусад салбарын мэргэжилтнүүд эмэнд нянгийн тэсвэржилт үүсэх нь яагаад дэлхий нийтэд нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болж байгаа, энэ асуудлыг шийдвэрлэхэд эмнэлгийн удирдлага, эмийн эмчилгээний хорооны үүрэг, нянгийн эмэнд тэсвэржилтийн эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх, хянах талаар мэдлэг, чадвартай боллоо. Сургалтын 2,3 дугаар хэсгийг 2016 онд хийхээр төлөвлөж байна.