Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан АНУ-ын Юта мужийн Сенатчдийн Ерөнхийлөгч Стуарт Адамс, Юта Их сургуулийн захирал Тайлор Рандалл болон холбогдох албаны хүмүүстэй хавдрын тусламж үйлчилгээний чиглэлээр уулзалт хийлээ.
Сайд Т.Мөнхсайхан уулзалтын эхэнд хэлсэн үгэндээ манай улсын эрүүл мэндийн салбарт өнгөрсөн 20 жилийн хугацаанд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэнд талархал илэрхийлье. Бид Юта мужийн Их сургуультай бүх талын хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд таатай байх болно гээд манай улсад хавдрын өвчлөл болон хавдрын шалтгаант нас баралт өндөр. Иймд үндэсний хэмжээний цогц бодлого боловсруулан ажиллаж байна. Цаашид энэ чиглэлийн боловсон хүчнийг бэлтгэж, чадавхжуулах тал дээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Юта мужийн Их сургуулийн захирал Тайлор Рандалл Монгол Улсад хөхний хорт хавдрын Клиник байгуулж, умайн хүзүүний хорт хавдрыг эмчлэх технологийг нутагшуулах хүсэлтэй байгаагаа дуулгаад умайн хүзүү, хөхний хорт хавдрын чиглэлээр эмч нарыг сургаж, орон нутагт Хавдрын төв байгуулах ажилд дэмжлэг үзүүлэх боломжтой гэдгээ уламжиллаа.
Мөн уулзалтын үеэр Юта мужийн хавдрын эмнэлэг дэлхийд дээгүүрт бичигддэг томоохон эмнэлэг болохыг тус мужийн Сенатчдын Ерөнхийлөгч Стуарт Адамс онцлоод Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханыг зочлохыг хүслээ. Уулзалтын төгсгөлд талууд хорт хавдрын тусламж үйлчилгээг сайжруулж, өвчлөлийг бууруулах чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдэв.