Эрүүл мэнд, спортын яам, Жайкатай хамтран “Төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах нь” төслийг өнгөрсөн оны 11 дүгээр сараас хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд, төсөл таван жил үргэлжилнэ. Төсөл хэрэгжих хугацаанд аймаг, дүүргийн өрхийн эрүүл мэндийн төв, сум, тосгоны эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлэг, түргэн тусламжийн төв, нэгдсэн эмнэлэг зэрэг эрүүл мэндийн байгууллагын эмнэлгийн мэргэжилтний чадавхи сайжирч, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж сайжрах юм.
Дээрхи төслийг хамтарсан зохицуулах зөвлөл удирдах бөгөөд зөвлөлийн захирлаар ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа томилогдож өнөөдөр анхдугаар хуралдаанаа зохион байгуулж хамтын үйл ажиллагааг зөвшилцөн, гэрээнд гарын үсэг зурж баталгаажууллаа.Энэ үеэр эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах ихээхэн чухал төсөл болохыг дурдаад олон талын хамтын ажиллагааг хангаж, төслийг амжилттай, үр дүнтэй хэрэгжүүлэх болно гэдгээ төслийн захирал С.Ламбаа хэллээ.
Төслийн хүрээнд Япон улсаас манай улсад таван мэргэжилтэн ирж яаралтай тусламж, хүүхдийн гэмтэл судлал, сувилахуй, гэмтэл судлалын үеийн яаралтай тусламжийн чиглэлээр Булган, Орхон аймаг, Төв болон тусгай мэргэжлийн төвүүд, дүүргийн эмнэлгүүдэд үнэлгээ хийж, сургалт, зөвлөмжийг өгсөн төдийгүй Япон улсад ЭМСЯ, ЭМХТ-ийн удирдах ажилтнуудыг төгсөлтийн дараах сургалтын тогтолцоотой танилцуулан туршлага судлаад байна.