Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Засгийн газрын өнөөдөр /2024-06-06/-ийн хуралдаанд “Гепатитын D вирусийн халдварын талаар авах арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцүүллээ.
Монгол Улс гепатитын вирусийн халдварын тархалт өндөр орнуудын тоонд багтдаг. Тэр дундаа В, D вирусийн хавсарсан халдварын тархалт өндөртэй дэлхийн цөөн орны нэг. Элгийг хүчтэй гэмтээдэг В, D вирустэй иргэдийн 80 хувь нь элэгний архаг үрэвсэл, хатуурал, хорт хавдраар хүндэрч байгаа нь манай орны хувьд тулгамдсан асуудал болсоор байгааг сайд онцлоод “Гепатитын D вирусийн халдвар В вирусийн халдвартай хавсарч явагддаг бөгөөд дэлхийд гепатитын В вирусийн халдвартай хүмүүсийн 5 орчим хувьд нь D вирусийн халдвар хавсарсан байдаг бол Монгол Улсад 36.5 хувь буюу 70 гаруй мянган хүн байгаа нь дэлхийд хамгийн өндөр үзүүлэлт юм.
Дэлхий дахинд гепатитын D вирусийг эмчлэх шинэ эмийн нэг “Булевиртид” элэгний эсэд D вирус нэвтрэхийг саатуулах үйлчилгээтэй юм. Одоогоор “Булевиртид”-ийг Европын Холбооны улсад болон ОХУ-д эмчилгээнд ашиглаж байна. Уг эмийг Америкийн “Gilead Sciences Inс” компанид үйлдвэрлэдэг. Манай улсад тус компанийн патент бүхий элэгний В, С вирусийн зарим эмийг эмчилгээнд хэрэглэж буй юм.
ЭМЯ-ны зүгээс “Булевиртид” эмийн үнийн хөнгөлөлт, хангамжийн талаар тус компанийн удирдлагуудтай сүүлийн 8 сар гаруйн хугацаанд яриа хэлэлцээ өрнүүлсний үр дүнд нэг хүний нэг сарын эмчилгээний зардал 12 мянган еврогийн төлбөрийг багагүй хэмжээгээр бууруулах тохиролцоонд хүрсэн” гэсэн юм.
Өндөр өртөгтэй энэ эмчилгээг нэвтрүүлэх, иргэдэд учрах санхүүгийн дарамтыг бууруулахын тулд тодорхой арга хэмжээг авч буй бөгөөд УИХ-аар D вирусийн эмчилгээнд хэрэглэх “Булевиртид” эмийг Нэмэгдсэн өртгийн болон Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг батлуулсан.
Эрүүл мэндийн сайд удаан хугацаанд үргэлжилсэн яриа хэлэлцээний дүнд Америкийн “Gilead Sciences Inс” компаниас “Булевиртид” эмийг авахаар болсны эхний хэсэг энэ сард багтаж орж ирнэ. Тиймээс уг эмийг хүлээн авах, хадгалах, тээвэрлэх, зарцуулах журмыг батлахаар ажиллаж байна гэдгийг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан.
Иргэдийг “Булевиртид” эмийн эмчилгээнд хамруулах үйл ажиллагааг ХӨСҮТ удирдан зохион байгуулж, эмчилгээний хяналтыг улсын төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд, цаашид орон нутагт аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгүүд хийдэг байхаар бэлтгэл хангаж байна. Түүнээс гадна уг эмчилгээг D вирусийн халдвартай хүн бүрт хийдэггүй. Эмнэлзүйн тусгай шалгуур, лабораторийн үзүүлэлтийг харгалздаг бөгөөд эмчилгээ удаан үргэлжилдэг, эмчилгээг зогсоох, дуусгах асуудлыг эмч нарын зөвлөл, багаар шийдвэрлэх юм.