“Шийдлийн цаг” өнөөдөр улаанбурхан өвчний дэгдэлт, түүнээс урьдчилан сэргийлэх болон тус салбарын удирдлагатай холбоотой асуудлаар болж, Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүү нар оролцлоо.
Манай улс улаанбурхны эсрэг вакцинаар 1994, 1996, 2000, 2007, 2012 онуудад 3-14 настай хүүхдийг нэмэлтээр дархлаажуулсны үр дүнд энэ өвчин эрс буурч, 2011 оноос улсын хэмжээнд нэг ч бүртгэгдээгүй байсан. Гэвч 2015 оны гуравдугаар сараас уг өвчний дэгдэлт гарсан. 2015 оны тавдугаар сард 6 сартайгаас 6 хүртлэх насны 370 гаруй мянган хүүхдийг улаанбурхан, улаануудын эсрэг вакцинаар дархлаажуулсан. Үүний үр дүнд өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад өвчлөл тууштай буурсан ч 18-30 насны хүмүүсийн дунд өвчлөл зонхилж байна. 18-30 насныханд улаанбурхны эсрэг вакцинаар нэмэлт дархлаажуулалт хийх зайлшгүй шаардлага байгааг Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа “Шийдлийн цаг” уулзалтаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт танилцууллаа.
Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр болж, улаанбурхан өвчний дэгдэлтийг бууруулах, хариу арга хэмжээний зардалд 948,3 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн гэдгийг Ерөнхий сайд хэлээд 18-30 насныхныг вакцинд хамруулах ажлыг орон даяар кампанит ажил болгон зохион байгуулахыг үүрэг болголоо.
Өрхийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар, нэгдсэн эмнэлэг, хүүхдийн яаралтай тусламжийн төвүүд 24 цагаар ажиллаж, эмч мэргэжилтнүүд хүрэлцэхгүй байна. Тэтгэвэрт гарсан эмч, ажилтнууд, резидентурт сурч байгаа эмч нарыг татан оролцуулж байгаа. Эмч, ажилчдынхаа илүү цагийн хөлсийг олгохоор Эрүүл мэнд, спортын сайдын багцаас хөрөнгө гаргаж ойрын хугацаанд шийдвэрлэхээр ажиллаж байна. Салбар эзэнгүйрсэн, ажил назгайрсан зүйл байхгүй, ажлаа цаг хугацаанд нь зохион байгуулж байгаа гэж тус яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа хэллээ.
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн даргаар Д.Нямхүү даваа гаригт томилогдсон байна. Хуучин ажиллаж байсан туршлагатай учраас ажил албан тушаалд дасан зохицох, суралцах хугацаа байхгүй. Ажлаа чанартай сайн гүйцэтгэхийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг түүнд үүрэг болголоо.
Засгийн газарт хамтарч байгаа улстөрийн хүчин, эвсэлд хүлээцтэй хандсан гэдгээ Ерөнхий сайд хэлээд УИХ-ын чуулган хуралдахад Эрүүл мэнд, спортын сайдын асуудлыг Үндсэн хуульд заасан эрхийнхээ дагуу Ерөнхий сайдын хувьд оруулж шийдүүлнэ гэлээ. Энэ хүртэл сайдын үүрэг гүйцэтгэгчтэйгээ хамтраад салбарыг менежмент, зохион байгуулалт, шуурхай удирдлагаар хангаж ажиллахыг Төрийн нарийн бичгийн даргад үүрэг болголоо Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.