Өсвөр насны хүүхдийн дунд стресс, сэтгэц нийгмийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, сэтгэл зүйн дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилгоор Эрүүл мэндийн яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын ерөнхий газар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, JCI Лидер салбар байгууллагатай хамтран “Өсвөр насны хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд” сэдэвт чадавхжуулах сургалтыг энэ сарын 14-нд зохион байгууллаа.
Чадавхжуулах сургалтыг ЭМЯ-ны НЭМГ-ын Урьдчилан сэргийлэлт, хяналт зохицуулалтын хэлтсийн дарга Б.Туяа, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн дэд захирал Н.Алтанзул, JCI Лидер салбар байгууллагын 2024 оны дэд ерөнхийлөгч Б.Энхтулга нар нээж үг хэлэв.
Сургалтад нийслэлийн Баянгол, Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүрэг болон хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургуулийн сэтгэл зүйч, эмч, нийгмийн ажилтан нийт 85 гаруй хүнийг хамруулж өсвөр насныханд тохиолдох сэтгэл түгшилт, сэтгэл гутрал, үе тэнгийн дээрэлхэлт, дарамт түүний үр дагавар, сэтгэлзүйд нөлөөлөх нь зэрэг агуулгаар мэдээлэл хүргэж, оролцогчдоор сэтгэлзүйн тест, дасгал ажил хийлгэх хэлбэрээр зохион байгуулсан юм. Энэхүү сургалт цаашид үе шаттайгаар үргэлжилнэ.